Дампуурлын ирмэг дэх төрийн өмчит компаниуд

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Дампуурлын ирмэг дэх төрийн өмчит компаниуд

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчит 89 үйлдвэр, аж ахуй нэгж, компани бий. Тамга тэмдэгтэй хэрнээ үйл ажиллагаа нь зогссон 7-8 компанийг нэмбэл зуу дөхөөд явчихна. Гэвч эдгээрээс ердөө 30 нь л ашигтай ажилладаг гээд бодохоор татвар төлөгч та бидний төсөв рүү илгээдэг мөнгөний чамгүй хувь нь ашиггүй ажиллагсдын цалин мөнгө болж буцаад гардаг болж таарах нь.

Сүүлийн гурван жилд төрийн өмчит компаниудын өр зээл гурав дахин өсчээ. 2012 оны жилийн эцсийн дүнгээр төрийн өмчит компаниуд гурван их наяд төгрөгийн өглөг /өр/-тэй байсан бол 2015 оны эцэст 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Харин авлага 1.2 их наяд байсан бол 2.2 их наяд болж, нэг их наядаар нэмэгджээ. Маш харамсалтай. Ашиггүй ажиллаж буй 50 гаруй компани хувийн хэвшлийнх байсан бол аль хэзээний дампуурлаа зарлах байсан нь тодорхой. Төрийн өмчит компаниудын нийт өрийн 7.4 их наяд нь богино хугацаат зээл бол 2.2 их наяд төгрөгийн өр зээл нь урт хугацаатай байгаа юм. Урт хугацаат зээлийн хувьд голчлон гадаадаас оруулж ирсэн зээл, тусламж, төслийн хүрээний өр зээл байдаг аж.

Өр зээл, өглөг авлагаас болж, дампуурлаа зарлахын ирмэгт тулсан зарим компанийн талаар  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас мэдээлснийг тоймлон хүргэе.

“МОНРОСЦВЕТМЕТ” 80 ТЭРБУМЫН ӨРТЭЙ

“Эрдэнэт” үйлдвэртэй эн зэрэгцэн ОХУ-ын мэдлээс гарч, Монголд ирсэн “Монросцветмет” үйлдвэрийн цаашдын хувь заяа тун бүрхэг байгаа ажээ. Одоогоос гурван жил гаруйн өмнө 27 тэрбум төгрөгийн өртэй байсан уг үйлдвэрийн өр өнөөдөр 80 тэрбумд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд жилийн турш 50-60 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан “Монросцветмет” энэ жил 42 тэрбум орчим төгрөгийн орлоготой ажиллах төлөв гарчээ.

Бүтэн хоёр жилийн орлогоо нэг ч төгрөгийн зарлагагүйгээр өрөндөө өгч байж өглөгөө дуусгах энэ үйлдвэрийг цаашид хэрхэх вэ гэдэг төр засгийн төвшинд “толгойн өвчин” болчихоод байна. “Монросцветмет” нь нийтдээ хайгуулын болон ашиглалтын 31 лиценз эзэмшдэг, 1329 ажилтан, албан хаагчтай “баян” компани. Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, тус аймгийн Дархан суман дахь Баргилтын төмрийн хүдрийн цех, Дундговь амйгийн Баянжаргалан суман дахь “Хөх дөл” цех, Дорноговь амйгийн Өргөн сумын “Өргөн” цех, Төв аймгийн Заамар сумын “Зэрэгцээ” алтны үйлдвэр, “Шижир алт” охин компани, БНХАУын Эрээн хотод гэрээт ажилтнууд гээд тоочоод байвал “Монросцветмет”-д өмч хөрөнгө их бий. Гэвч сүүлийн жилүүдэд тус компанийн үндсэн бүтээгдэхүүн болох жоншны баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас болж, санхүү, эдийн засгийн хүндрэл учирсан гэж компаниас тайлбарлажээ. Басчиг багахан хэмжээний авлага бий. Оны эхний хагас жилийн байдлаар 55,9 тэрбум төгрөгийн авлага байгаагийн 88.2 хувийг борлуулалтын авлага эзэлж байгаа юм байна.

Тус компанийн 49 хувийг хэн авсан хийгээд ТУЗ-ийн гишүүд нь хэн бэ гэдгийг өнөө хэр олон нийтэд зарлаагүй. Энэ нь “Эрдэнэт”-ийн сүрд дарагдсанаас тэр. Тиймээс тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн талаарх мэдээллийг удахгүй олон нийтэд танилцуулна гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан амлалаа.

ТОСК ТОЙРСОН АСУУДАЛ ТОМ СЭДЭВ БОЛОХ НЬ

Нэгэн үе Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ шиг хэрэгтэй газар байгаагүй. Иргэдийн бэл бэнчинд таарсан хямд орон сууцыг зорилтот бүлгийнхэнд хаяглан гаргаж ирснээрээ ТОСК-ын зорилго, нэр хоёр нь үнэтэй байсан билээ. Тэгвэл одоо тус байгууллага мөн л дампуурлын ирмэгт тулж иржээ.  

ТОСК ТӨҮГ-ын захиалгаар “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслүүдийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас нийт 111.9 тэрбум төгрөг, 35.5 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг авсан байдаг. Өнгөрсөн онд /2015/ гэхэд Хөгжлийн банкнаас 69,8 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд борлуулалтын орлогод 18,9 тэрбум төгрөг төвлөрч, нийт 88.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлжээ. Гэвч барилгын санхүүжилтэд 67.6 тэрбум төгрөгийг зарцуулж, Хөгжлийн банкны зээл хүүгийн төлбөрт 20.3 тэрбум төгрөгийг эргэн төвлөрүүлж, нийт 87.8 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ТОСК ТӨҮГ Хөгжлийн банкинд төлөх хуваарьт төлбөрийг төлж чадахгүйд хүргэсэн байна. Үүнээс үүдэн 2.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хугацаа хэтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, бүрдүүлсэн эх үүсвэр нь тухайн оны нийт зарцуулалт /санхүүжилт болон зээл хүүгийн төлбөр/-д хүрэлцээгүй гэсэн үг.

Түүнчлэн Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан орон сууцнуудыг Хөгжлийн банк барьцаанаас тухай бүрт чөлөөлөөгүйгээс 22.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого саатсан нь 2016 оны зээл хүүг хугацаанд нь төлөх боломжгүйд хүрсэн байна.  

Одоо ТОСК-ийн хувьд тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх шаардлагатайн дээр дарга, удирдлагууд нь дураар авирласан, ганц хүний гарын үсгээр өдий төдий урамшуулал, байр сууц тараасан асуудал ч байгааг ТӨБЗГ-ынхан нуусангүй.

ХАА-Н БИРЖИЙН ХУВЬЧЛАЛ БҮТЭЛГҮЙТЖЭЭ

Чухам малчид, иргэдэд хэрэгтэй хэмээн эхлүүлж байсан Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч үүрэг зорилгынхоо дагуу ажиллаж буй эсэх нь эргэлзээтэй. Үндсэн ажлынхаа хажуугаар тус биржийн өмчлөл ч эргэлзээт байдалд ороод байгаа аж. ХАА-н биржийг хувьчилж, 49 хувийг нь нэр бүхий таван компани авсан бол хоёр хувийг нь 37 иргэн эзэмших болжээ. Харин үлдсэн 49 хувь нь төрийн эзэмшилд байгаа. Гэвч хувьчлалаар 49 хувийг худалдан авсан таван компани гэрээ байгуулах төдийгөөр бүхнийг орхижээ. Хоёр хувийг эзэмшиж буй 37 иргэн 300 сая төгрөгөө аль хэдийнээ төсөвт төвлөрүүлсэн бол 49 хувийг хувьчлахаар гэрээ байгуулсан таван компани 9.9 тэрбум төгрөгөөс ердөө 1.3 тэрбумыг нь төсөвт  тушаажээ. Тиймээс гэрээг хүчингүйд тооцож, 98 хувь нь төрийн мэдэлд байгаа гэж үзэж болох талтайг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫГ ЯАХ ВЭ?

Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох гэхчилэн сайн сайхныг санаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг байгуулж байсан нь 2008 оны гуравдугаар сар. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг угсрах, засварлах, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан уг байгууллага өдгөө доголдож, хойшид яах вэ гэдэгтээ тулжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын төмөр зам”-ыг ирэх онд 107 ажилтан, 5 хэлтэс, Төмөртэйн төмөр замд 73 хүнтэй ажиллуулахаар төлөвлөгөө гаргасан хэдий ч толгой, шүдний хавсарсан өвчин болохоор асуудал олон байна.

“Монголын төмөр зам”-тай холбоотой, ойрын хугацаанд шийдвэрлэх учиртай асуудлуудыг  жагсаажээ. Үүнд:

НЭГ: Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр замын суурь бүтэц, ачаа ачиж, буулгах терминалын нийт хөрөнгийг төрийн өмчид бүртгэн авахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн төрийн өмчид бүртгэж авах эсэх шийдвэрийг гаргах

ХОЁР: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчийн гэрээ цуцалсантай холбоотойгоор хүлээн авч байгаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх

ГУРАВ: ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр илчит тэргэнд байнгын эвдрэл гэмтэл гардаг хуучин зүтгүүрүүд ажээ. Гэтэл эдгээр зүтгүүрүүдийн балансын анхны өртөг 9.0 тэрбум, хуримтлагдсан элэгдэл 1.15 тэрбум төгрөг буюу үлдэх өртөг нь 7.85 тэрбум төгрөг байна. Тиймээс хоёр илчит тэргийг “УБТЗ” ХНН-тхудалдах замаар бэлэн мөнгийг компанид төвлөрүүлэх.

ДӨРӨВ: “Хөдлөх бүрэлдэхүүнийн паркийг нэмэгдүүлэх төслийн 35,692,160.00 ам.долларын зээлийн 2011-2017 онуудад ногдох зээлийн хүү, 2017 оны үндсэн зээлийн төлөлтийн хугацааг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хойшлуулах, эсвэл хувааж төлөх замаар бэлэн мөнгөний хомсдлыг арилгах боломжтой.

ТАВ: Төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас санхүүжүүлсэн болон санхүүжүүлэхээр төлөвлөж буй дүнг /8.7 тэрбум төгрөг/ Улсын төсвөөс эсвэл ТТ-ГС чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулагч талаас МТЗ буцаан олгох зэргийг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж