Шинэ оюутнууд нийслэлийн түүхээр аялж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Шинэ оюутнууд нийслэлийн түүхээр аялж байна

“Бидний өдөр тутамдаа очдог Зайсан толгойн хөшөөг анх 1956 онд босгосон. Гэсэн ч 1969-1971 онд одоогийн байгаа хөшөөг босгосон байдаг. Зайсан толгойн дээд хэсэг дэх цагирган дүрслэл нь Монгол Улс үүрд мандан бадарч, гал голомтоо цогцлоож байхыг бэлгэдсэн. Харин хөшөө нь 27 метр өндөртэй, зөвлөлтийн дайчдынх” хэмээн шинэхэн оюутнуудад хөтөч хийж буй Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Баясгалан тайлбарлав. Тэрбээр нийслэлчүүд өдөр тутамдаа энд амарч, зугаалж, алхдаг ч учир, утга, түүхийг нь төдийлөн сайн мэддэггүй гэдгийг хэллээ. Тиймээс энэ удаагийн шинэхэн оюутнуудын аялалд Зайсан толгой, Сүхбаатарын талбай гээд энгийн л нэгэн газар мэт боловч нийслэлчүүдийн түүхийг илтгэх газрыг сонгожээ.

Нийслэлийн нүүр царай, нэрийн хуудас болсон газраар шинэхэн оюутнуудыг аялуулж, түүхийг нь таниулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 377 жилийн ойн хүрээнд өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаад аялал жуулчлалын мэргэжлийг сонгож, цаашид өөрсдөө жуулчдад хотоо танилцуулах учиртай энэ чиглэлийн шинэхэн оюутнуудыг аяллын маршрутад багтаажээ.

Сэлэнгэ аймгаас ирж, МУБИС-д суралцаж буй Рэнцэнханд “Өмнө нь хотод ирээд хамаатан садан, найз нөхөдтэйгөө Зайсан дээр гардаг ч түүх, нарийн учрыг нь судалж мэдээгүй юм байна. Энэ удаагийн аяллаар энгийн нэг газраар явах юм шиг мөртлөө шинэ мэдлэг, мэдээлэл, түүх соёлын талаас нь таних учраас баяртай байна” гэв.

Мөн энэ үеэр яригдсан гол асуудал нь нийслэлчүүд нэрийн хуудас болсон түүхэн газраа өөрсдөө мэддэггүй. Улмаар жуулчдад өөрийн үзэмжээр буруу тайлбарлах нь нэмэгджээ. Тиймээс энэ удаад, нийслэлд амьдрах эхлэлээ тавьж, хотын соёлт иргэн болох гэж буй шинэхэн оюутнуудаа анхнаас нь түүх соёл, орчин ахуйг нь зөвөөр тайлбарлах нь чухал гэдгийг Аялал жуулчлалын газрынхан онцолж байлаа.

Аялалд оролцож буй Ч.Азжаргал Дорноговь аймгийн Сайншанд сумаас ирж МУБИС-д сурч байгаа. Тэрбээр “Манай багш нэг жишээ хэлж байсан. Нэг оюутан жуулчид авч Зайсан дээр очсон. Тэгээд хоёр хос үнсэлцэж буйг хараад энэ газрыг хосуудын газар гэж тайлбарлаж байсан гэдэг” хэмээн ярив.

Оюутнууд өнөөдөр аяллаа Монголын үндэсний музейгээс эхэлсэн. Улмаар Сүхбаатарын талбайн орчмын түүхтэй танилцана. Ингээд Зайсангийн гэрэлт хөшөө, Скай ресортын үйл ажиллагаатай танилцах юм байна.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж