Нэг тонн нүүрсний тээвэрлэлт км тутамд 18 төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Нэг тонн нүүрсний тээвэрлэлт км тутамд 18 төгрөг болно

Төмөр зам дотоодын нүүрсний тээврийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад буй билээ. Энэ нь хэрэглэгчдэд хүрэх цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн гол түүхий эд учир ба хэрэглэгчдэд хүрэх дээрх бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болзошгүй байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаагийн тайлбарласнаар одоогийн мөрдөж буй тариф нүүрс тээвэрлэснийхээ зардлыг бүрэн нөхдөггүй байна. Өнгөрсөн онд гэхэд Улаанбаатар төмөр зам 5,7 сая тонн нүүрс тээвэрлэснээр 16 тэрбум төгрөгийн алдагдал амсчээ. Харин энэ жилийн тухайд дизель түлшний үнийн өсөлтөөс улбаалж алдагдлын хэмжээ улам ч ихэсч болзошгүй байгаа гэнэ. Тиймээс нүүрс тээвэрлэлтийн үнийг км тутамд нь 15 хувь нэмэгдүүлснээр км-т тонн нүүрс тээвэрлэх өртөг зардал 18 төгрөг болж байгаа аж.

Хэрвээ төмөр замын тээвэрлэлтийн үнийг 38 хувь нэмэгдүүлвэл алдагдалгүй ажиллана гэдэг тооцоо байдаг юм байна. Тиймээс цаашид алдагдалгүй ажиллах хэмжээнд хүртэл тээврийн тарифыг шат дараатай нэмэгдүүлэх гэнэ.

Юутай ч тээврийн компани ийнхүү үнээ нэмлээ. Шинэ тариф ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх юм. 1990 оноос хойш нүүрсний үнэ 19 дахин нэмэгдсэн байхад тээвэрлэлтийн энэ хугацаанд гурав дахин өсчээ. Төмөр замын алдагдалтай тээврийн нөгөө хэсэг нь барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний болон зорчигч тээврийн тариф байдаг гэнэ. Эдгээрийн алдагдлыг төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бусад ачаанаас олсон орлогоор нөхдөг байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж