Олон хэлт Т.Аюурсайхан

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

76:1

Олон хэлт Т.Аюурсайхан

Монголын парламент 76 гишүүнтэй. Тэдний 65 нь МАН-ынх бол ес нь АН-ынх бөгөөд  МАХН-ынх нэг, бие даагч нэг. Тэдний хэн нь хэн бэ?.

NEWS” агентлаг шинэ парламентын шинэ гишүүдийг нэрсийн жагсаалтаар нь танд танилцуулж байна. Өмнө нь бид Н.Амарзаяа гишүүний танилцуулгыг хүргэсэн бол энэ удаад Т.Аюурсайханыг онцолж байна.

Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд төгсчээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1995 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуульд элсэж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. Энэ жил 41 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Англи, орос, турк, япон хэлтэй бөгөөд энэ жил анх удаа парламентын гишүүн болсон 41 хүний нэг нь юм. Түүнийг анх улс төрд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хөтлөн оруулсан бөгөөд 2006 оноос эхлэн гурван жилийн турш түүний шадар туслахаар ажилласан байдаг.

2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн тул намын дарга Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээн огцорсон. Тиймээс шинэ даргын сунгаанд Т.Аюурсайхан, М.Энхболдтой өрсөлдөж ялагдал хүлээсэн явдал ч бий.

Тэрбээр мод тарих хоббитой гэх. 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа нийслэл хотод 5000 ширхэг мод тарьжээ. Үүнээс гадна лагерын байшингаа өөрийн гараар барьж босгоод,  хашаандаа шинэ сортын гүзээлзгэнэ тарьж ургуулжээ.

УИХ-ын сонгуульд ногоон гэрлээр өрсөлдөх эрхийг Т.Бадамжунай авч өгсөн гэсэн яриа ч МАН-аас сонсогдож байлаа. Ямартай ч тэрбээр, “хоосонгүй” гэдгээ өнгөрсөн өдрүүдэд харуулж, их улс төрд холын зорилготой, том амбицтайгаар хөл тавиад байгаа.  Хэдийгээр намдаа болон улс төрд шинэ хүн биш ч хэр мундаг гишүүн болохыг ирэх жилүүд харуулах биз ээ.

Чөлөөт цаг гарвал балет үзэх дуртайгаа нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг. УИХ-ын шинэ гишүүдээс сэтгүүлчдэд хамгийн нээлттэй хүн гэж хэлж болно.

ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН БЭ?

  • 1995-1999 Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • 2004-2006 Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.
  • 2007-2014 ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур дүүргэсэн
  • 2014 Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

ХААНА АЖИЛЛАЖ БАЙВ?

  • 2000-2005 Аста Пресс ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2009-2012 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2008-2012 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2016 оноос Шударга төрийн төлөө ТББ-ын гишүүн Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зөвлөх
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Туркын Парламентын бүлгийн дарга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж