Казах үндэсний уламжлал, зан заншлын томоохон эмхтгэл Улаанбаатар хотноо хэвлэгдэн гарч, уншигчидтайгаа учирлаа. Хорь орчим бүлгээс бүрдсэн “Салт-Сана” нэртэй энэ номд хүмүүс золгож мэндлэхээс авахуулаад нялхсыг угтах, ураг холбох, хурим найр, шинэ гэр барих, бэрүүд ахмад хүмүүсийн нэрийг цээрлэх, зочноо хүлээн авч, зооглуулах, хүндэтгэн үдэж гаргах, хөршүүдтэйгээ харьцах, өтгөсийг үдэх зэрэг хүний амьдралд тохиолдох бараг бүх казах ёс горимыг зан үйлийн уран зохиолтой нь хамруулан тусгасан байна. Казах ардын аман зохиолын дээж, цэцэн мэргэн болон 1500 зүйр үг, 100 ерөөл, 150 оньсого, шашны баяр ёслол, байгалиа хайрлан хамгаалах, бишрэн шүтэх уламжлал, цээрлэл, монгол, казах нүүдэлчдийн эртний цаг тооллын харьцуулалт, угийн бичиг хөтлөх, их гэрээ хүндлэх ёсон, ид шидтэй тоо, хүүхдийн эртний тоглоом наадам, дуу шүлэг, ардын эмчилгээ, хошин шог яриаг ч энэ номоос олж унших боломжтой. Ном хүүхэд багачуудаас эхлээд эрдэмтэн судлаачид хүртэлх нийт уншигчдад зориулагджээ. Номыг зохиогч яруу найрагч Р.Шынай үүнээс өмнө Монголын казахуудын түүх, угийн бичиг, угсаатны зүйн хэд хэдэн ном туурвин хэвлүүлж байжээ.
А.Зул