Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Энэ үеэр өрхийн амьжиргааны түвшнийг тогтоох аргачлалаа шинэчилж, өрхийн нэгдсэн мэдээллийн санг шинэчлэх судалгааг дахин явуулах болсныг онцолсон байна.
Цаашид нийгмийн даатгалын мөнгийг албадан авах бус тухайн санг арилжааны хэлбэрт шилжүүлж, нийгмийн даатгалын байцаагчдыг менежерийн статусаар солих бодлого боловсруулна гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр АН-ын даргын албан тушаалд өрсөлдөнө. Тэрбээр “Ганц ардчилсан намын нэр хүндийг өсгөх гэж биш Монгол Улсаа хөгжүүлэх бодлого бидэнд байгаа” гэдгээ ярьжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын АНУ-тай байгуулсан плутони хэлэлцээрийг зогсоох хуульд өчигдөр гарын үсэг зурсан байна.
Хүүхэд харагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Монгол банк өчигдөр 2380 төгрөгөөр тооцож, 46 сая ам доллар, 348 төгрөгөөр тооцож, 103 сая юань арилжжээ.
Хүнс, нэхмэл, барилга, газар тариалан мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдэд 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулсан ч УИХ-аар хэлэлцэх шатанд хөнгөлөлт хавтгайрах шинжтэй болсон нь төсөл буцаж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байна.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрхүүд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу энэ оны 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой боллоо.