“Номхон далайн элч”-үүд Монголд

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

“Номхон далайн элч”-үүд Монголд

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн хүчний хамтарсан “Пасифик Энжил-2011” олон улсын эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаа 2011 оны долдугаар сарын 17-ны өдөр эхэллээ. Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний санаачилга, санхүүжилтээр 2007 оноос Номхон далайн орнуудад зохион байгуулж ирсэн энэхүү хүмүүнлэгийн ажиллагаа Монгол Улсад анх удаа болж буйгаар онцлог юм.

Энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд АНУ болоод Монголын зэвсэгт хүчний 65 бие бүрэлдэхүүн оролцож байна.

“Пасифик Энжил-2011” олон улсын эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагааны үеэр Хэнтий аймгийн Өндөрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан сумдын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлж, Монгол Улс, АНУ-ын барилга инженерийн цэргийн алба хаагчид Дэлгэрхаан сум дахь Нөхөн сэргээх сувиллын барилгыг засварлаж, хоёр орны мал эмнэлгийн мэргэжилтнүүд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчдад мал эмнэх орчин үеийн арга ажиллагааны талаар сургалт явуулж, малыг вакцинжуулах, туулга уулгах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаанд АНУ, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Шри Ланк Улсын цэргийн алба хаагчид, төрийн бус байгууллага, иргэний байгууллагын нийт 150 шахам бүрэлдэхүүн оролцож байна. Ажиллагаанд оролцож буй бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс зүүн урагшаа 10 км-т хээрийн хотхонд байрлаж байгаа бөгөөд Аялал жуулчлалын Nomads компани тэдний хоол унд, ая тухтай байдлыг бүрэн хангаж байна.

Тосон нуур, рашаан сувиллаараа алдартай Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь Аварга тосонд цэргийн нөхөн сэргээх сувилал тулгаа тулж, галаа бадраасаар 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Тус сувиллын байр хуучирч, засвар шаардах болсоор мөн л цөөнгүй жилийг элээж байсан. Монгол Америкийн инженерийн бүлгийнхний гараар сувиллын барилгын дээвэр, хаалга, цахилгааны монтаж шинэчлэгдэж долоо хоногийн дараа амрагчид нь “Зүүд биш байгаасай” гэж хэлэхээр болохнээ.

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч З.Баатарсүрэн гэрээт цэргүүдээ удирдаж Америкийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ гар, сэтгэл нийлэн ажиллаж байна. Гэрээт цэргийн алба хааж буй байлдагч Ч.Цогтхунтай уулзлаа. Тэрээр далайн чанадаас ирсэн цахилгаанчидтай хамт ажиллаж байна. Цахилгааны мэргэжилгүй ч өөрийн сонирхлоор ойр зуурын дадлагатай болсон маань хэрэг болж байна. Америк нөхдийг дагалдаж, цахилгааны монтаж хийх арга ажиллагаанд суралцах завшаан олдлоо гэж олзуурхан ярилаа.

АНУ-ын инженерийн бүлгийн төслийн удирдагч түрүүч Тим Виллис “Төлөвлөлтийн хурлын үеэр Монголын тал тус сувиллын барилгыг засварлах санал тавьсан. Бид газар дээр нь ирж үзээд хоёр орны цэргийн инженерийн бүрэлдэхүүн ажиллах боломжтой төсөл байна гэж сонгосон. Цаасан дээр төлөвлөсөн бүхэн хэрэгжиж буйд баяртай байна. Монголын цэргүүд эхний өдрөөсөө их хөдөлмөрч хүмүүс болох нь харагдаж байна. Ийм ажилсаг нөхөдтэй мөр зэрэгцэж буй болохоор ажлаа хугацаанд дуусгах итгэл дүүрэн байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Барилгын засвар хийх хугацаанд амрагчид нь өөр сувиллын байранд шилжин байрлав.

Олон улсын “Пасифик энжил” эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд Өндөрхаан хотын Нэгдсэн эмнэлэгт Монгол Улс, АНУ, Шри Ланк Улсын 36 эмч, сувилагч иргэдэд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн эмч нар, “Итгэл” төслийнхэнтэй хамтарсан баг долдугаар сарын 23 хүртлэх хугацаанд 600 гаруй хүнд дотор, эмэгтэйчүүд, шүд, нүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа гэж  эмнэлгийн бүлгийн ахлагч хошууч Т.Наранзул танилцуулав.

Хөдөөгийнхөнд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байгаа нүдний болор солих, нүдний салстын хагалгаа хийхээр америкийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ бэлтгэж байна гэж Зэвсэгт хүчний Клиникийн нүдний мэс засалч эмч Б.Элбэгжаргал ярьсан.
Хүмүүнлэгийн ажиллагаанд оролцогч орнуудын эмч нарын хамтарсан хөдөлгөөнт бүлэг 7 дугаар сарын 18-19-нд Дэлгэрхаанд, мөн сарын 20-21-нд Цэнхэрмандал, 22-23-ны өдрүүдэд Жаргалтхаан сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх юм. 

АНУ-ын  энэ хөтөлбөр нь дөрөв дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүмүүнлэгийн болон иргэдэд тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулж Америк болоод бусад орны найрсаг харилцаа, тэдний хоорондын хамтын ажиллагааг сайжруулж нэгтгэхэд тус болж байна. Өнгөрсөн сард тус хөтөлбөр Индонез улсад зохион байгуулагдсан бөгөөд дараагийнх нь наймдугаар сард Кампуч улсад, есдүгээр сард Тимор Лэстэ-д зохион байгуулагдана.

“Номхон далайн элч” үйл ажиллагаа нь Хавай мужийн Сувдан Эрэг-т байрлах 13 дахь агаарын хүчний удирдлага дор явагддаг хүмүүнлэгийн хамтын үйл ажиллагаа юм. Энэхүү ажиллагаа нь бүс нутагт байрлах бусад засгийн газар болон удирдлагуудтай хамтран иргэддээ зориулан эрүүл мэнд, шүд, нүд, малын эмнэлэгийн болон инженерийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг ба 2007 оноос хойш үйл ажиллагаа явагдаж буй орны болон Америкийн цэргийн албан хаагчид хэдэн арван мянган хүний амьдралыг энэхүү “Номхон далайн элч” үйл ажиллагааны үр дүнд сайжруулан амьдрах чадварыг нь дээшлүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж