Хүмүүсийн дунд “витамин Д ясанд сайн” гэсэн ойлголт их түгээмэл байдаг. Энэ нь ч аргагүй. Учир нь анх витамин Д нээх болсон шалтгаан нь нь бидний “архит” буюу рахит-rickets гэдэг өвчинтөй холбоотой гэнэ. Данхар толгой, маажиг хөл, нурууны хайзайлт муруйлт гээд ястай холбоотой шинжүүд нүдэнд илүү харагдаж, судлагдсан байна. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр витамин Д-ийн талаарх маш олон шинэ нээлт, мэдээлэл гарч ирсээр байгаа юм. Витамин Д дутах үед илэрдэг, одоо анагаах ухаанд танигдаад байгаа зарим шинжүүдээс авч үзье.
ВИТАМИН Д ДУТЛЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖҮҮД:
Рахит-ricket
Витамин Д гэдсэнд кальцийн шимэгдэлдийг зохицуулж байдаг тул дутваас яс болон тулгуур эдтэй холбоотойгоор Та бидний сайн мэдэх дараах шинжүүд хүүхэд болон насанд хүрэгчдэд илрэнэ: Яс зөөлрөх, шүдний эмгэгүүд, булчингийн сулрал, ясны хугарал ихсэх, араг ясны хэлбэргүйдэл /данхар, том гавлын яс, гавлын яс зөөлрөх, майга хөл, сүүж аарцаг ясны гажиг, шувуун цээж, нурууны ясны гажиг/, өсөлт удаашрах, таталт, бугуйн ясны өргөсөлт болон бусад
Халдварт өртөмтгий
Дархлааны эсүүдийн гадаргуу дээр витамин Д хүлээн авуур байдгийг илрүүлээд байгаа бөгөөд дархлааны эсүүдийг идэвхжүүлтэд чухал оролцоотой гэж үзэж байна. Хэрэв витамин Д хангалттай бус үед вирүс болон нянгийн халдвар биед ороход дархлааны эсүүдийн хамгаалах урвал сул бөгөөд ханиад томуу, чих хамар хоолой, уушиг, гэдэсний халдварт өвчинд өртөмтгий, эсэргүүцэх чадвар багасах магадлалтай.
Хавдар
Хүний биед ямар нэг хэмжээгээр хавдрын эсүүд тогтмол үүсч байдаг бөгөөд эрүүл дархлаатай хүнд эдгээр хавдрын эсийг устгаж байдаг. Хэрэв витамин Д дутагдалтай үед дархлааны эсүүдийн хавдар эсэргүүцэх чадвар суларснаас хавдараар өвчлөх магадлал өндөр.
Сэтгэл гутрал
Орчинд үед витамин Д-г витамин гэхээсээ илүү даавар гэж үздэг болсон. Зарим нэг судалгаанаас үзэхэд витамин Д нь мэдрэлийн зохицуулгад тодорхой хэмжээгээр оролцдог болохыг тогтоосон бөгөөд хангалттай бус хэмжээтэй үед контрол бүлэгт сэтгэл гутралын шинжүүд илүү хүчтэй илэрч байжээ. Наранд явсны дараа сэтгэл сэрэгдэг нь витамин Д-тэй ч холбоотой юм билүү.
Таргалалт
Миланы Их Сургуулийн шинэхэн судалгаагаар витамин Д дуталтай, илүүдэл жинтэй 400 хүмүүсийг хамарсан судалгаа хийжээ. Эдгээр хүмүүст жин хасах хоолны дэглэм бариулсан ба 3 бүлэг болгосон байна. Эхний бүлэг Д нэмэлтээр аваагүй, хоёрдох нь 10 000 нэгж Д, гуравдах нь 25 000 нэгж Д уусан байна. 6 сарын дараа Д витамин нэмэлтээр авсан 2 бүлэг нь нэгдүгээр бүлгээс 1,5-3 дахин илүү жин хассан байжээ. Энэ нь хэрэв та их таргалах хандлагатай бол таны цусандахь Д витамины хэмжээ бага байх өндөр магадлалтай.
Жирэмсний хордлого
Витамин Д хангалтгүй байх нь жирэмсэн үеийн чихрийн шижин болон жирэмсний хордлого болох олон шалтгаануудын нэг нь болдог байна.
Эдгээр нь зөвхөн одоогоор анагаах ухаанд мэдэгдээд байгаа нь. Витамин Д-ийн ач холбогдол, үүрэг зохицуулгын тухай маш олон судалгааны ажил хийгдсээр байна.
-Н.Наранболд: Манайхаар шинжилгээ хийлгэж байгаа насанд хүрэгчдийн 85 гаруй хувь нь Д витамин дуталтай гарч байгаа-
Ингээд мэргэжлийн эмчтэй буюу “Гялс” анагаах ухааны төвийн Чанарын албаны дарга, молекулбиологич эмч Н.Наранболдтой Д витамин дуталын талаар ярилцлаа.
-Хүний биед Д витамин ямар хэмжээтэй байх ёстой вэ. Түүнийг хэрхэн нөхөж авч болох вэ?
-Витамин Д гэдэгт кальци, төмөр, магни, цайр, фосфатын гэдэсний ханаар шимэгдэлтийг хариуцдаг тосонд уусах бүлэг хэд хэдэн секостеройдуудыг хэлдэг. Хүнд хамгийн чухал нь D3-холекалциферол ба D2-эргокалциферолууд юм.
Сүүлийн үед витамин Д буюу эдгээр секостеройдуудыг витамин гэхээсээ илүү био-зохицуулгын даавар гэж үздэг болсон.
Хүний биед байвал зохистой витамин Д-ийн хэмжээ нас, биеийн хөгжил, арьсны өнгө, тухайн орны байрлал зэргээс хамаарч хэд байх талаар дэлхий дахинд одоохондоо нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Гэхдээ одоогоор хамгийн их санал нийлээд, ихэнх оронд мөрдөгдөж байгаа хувилбар нь гэвэл 30-50ng/ml (50-125nmol/l/ витамин Д цусанд байвал хангалттай гэж үзэж байгаа. 20-29 ng/ml бол хангалтгүй, 20ng/ml -оос доош бол дуталтай гэж тооцож байгаа.
-Хүүхдэд л Д витамин дутагддаг гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд байдаг?
-Витамин Д дутал бүх насыг хамардаг. Витамин Д судлалын эрдэмтэд, судлаачид дор хаяж дэлхийн хүн амын 1/3 нь витамин Д дуталтай, пандем хэлбэртэй болсон гэж үзэж байгаа бөгөөд 2013 оноос хойш жил бүрийн 11 сарын 2-г АНУ болон Английн эрүүл мэндийн байгууллагуудаас витамин Д дутлын аюулын талаар дэлхий дахинд ухуулах “Дэлхийн витамин Д-ийн өдөр” болгон зарласан.
Монгол орны хувьд Харвардын их сургууль, Гялс төвтэй оролцоотой хийсэн судалгааныхаа дүнг танилцуулж эхлэх гэж байгаа. Монгол хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа байсан ба ерөнхийдөө монгол хүүхдүүдийн дунд маш хангалтгүй байсан. Насанд хүрэгчдэд хийсэн одоогоор нийтлэгдэж, батлагдсан судалгаа гараагүй байна. Гэхдээ манайхаар шинжилгээ хийлгэж байгаа насанд хүрэгчдийн 85 гаруй хувь нь уг витамин хангалтгүй, дуталтай гэсэн хэмжээтэй гарч байгаа.
-Д витамин дутал хэрхэн үүсдэг вэ?
-Хуурай газрын сээр нуруутан амьтан витамин Д арьсандаа нийлэгжүүлж хэрэгцээгээ хангадаг ба ингэдэг болоод 350 сая жил болсон гэж хувьсал судлаачид үздэг. Энэ процессийг Д витамины фотосинтез гэдэг. Арьсанд байгаа өөх /7-дегидрохолестерол/ нь нарны хэт ягаан туяаны нөлөөнд хувирч D3 болж хувирдаг.
Энэ хооронд Д фотосинтезийн процесс улам боловсронгуй болж, ашигт үйлийн коэффициент нь өөссөн байж таарна. Хүн ч гэсэн энэ хувьсалд хамаарна. Учир нь хоногийн хэрэгцээг 15-хан минут ашигтай наранд зогсоход авч чадах түвшинд хүний арьс хөгжсөн байна.
Харамсалтай нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, бүрхэгшилт, озоны цоорол, байнгын суугаа, дотор амьдралын идэвхгүй хэв маяг, хоол хүнсний хэрэглээний өөрчлөлт, хувцаслалт, арьсны гоо сайханы бүтээгдэхүүн, бараан арьстай байх, ходоод замын эмгэгтэй байх гээд маш олон хүчин зүйлээс болж энэ байгалийн процесс алдагдаж дэлхийн түвшинд хүн төрөлхтөн витамин Д-ийн дутагдалд орж эхлэж байна.
-Түүнийг хэрхэн нөхөж авч болох вэ?
Хүний биед үндсэндээ 2 замаар витамин Д-г нөхөж болно. Нэг нь витамин Д баялаг хүнс болон нэмэлт бүтээгдэхүүн идэх хэлбэрээр. Нөгөөх нь хүний арьсанд нийлэгжих хэлбэрээр Д витаминыг нөхөж авдаг.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
–Наранд гарах: Нарны цацрагт агуулах хэт ягаан туяаг UVB/270-300нм/, UVA /320-400нм гэж хоёр ангилдаг. Витамин Д зөвхөн UVB туяанд л нийлэгждэг. UVB нь нөгөөхөө бодвол илүү оймтгой буюу хугарамтгай байдаг. Нарны тусах өнцөг ихсэн тусам ойлт ихсэх бөгөөд шууд буюу эгц дээрээс тусах үед хамгийн их агууламжтай байдаг. Ийм тусгалын өнцөг нь улирал, тухайн улсын байрлалаас хамаараад хамгийн тохиромжтой цаг өөр өөр байдаг ба үүнийг www.vitamindwiki.com/UV+and+Vitamin+D+calculators вебсайтад ороод тооцож болно. Энэ гэхдээ маш төвөгтэй тооцоолол байдаг.
Үүний энгийн хувилбар нь таны сүүдрийн тусгалын өндөр нь таны биеийн өндрөөс их болсон байвал таньд хэрэгтэй UVB туяа байхгүй гэж ойлгож болно. Энэ нь зун бол 12.00-14.00 цагт, өвөл бол 10.00-11.00 цагийн хооронд Монголд байх магадлалтай.
Монголчууд жилийн 300 хоног нартай байдаг юм чинь Д дутагдана гэж байхгүй гэж зарим “их мэдэгчид” мэдэмхийрдэг. Манайд UVB туяа тусах хугацаа бага, урт өвөлтэй, дандаа гадуураа хувцастай явдаг, дотор суугаа ажил хэв маяг ихэссэн гээд олон шалтгаанаар Д дутал үүсч байна.
Нарны тос хэрэглэхгүй байх: Нарын хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB мөн хаадаг тул арьсны Д фотосинтезийг дарангуйлна.
Биеэ халхалсан хувцастай наранд шарахгүй байх: Зарим хүмүүс наранд л байвал болоо гэж бодон битүү хувцастайгаа гадуур явдаг. Тухайн өдрийн хэрэгцээг хангахад 15мин л наранд байх шаардлагатай. Бусад үед нь битүү хувцастай явж болно.
Цонхны цаанаас наранд шарахгүй байх: UVB туяа нь шил нэвтэлдэггүй тул цонхны цаана хичнээн нүцгэн хэвтээд ч нэмэргүй.
Нэмэлт витамин Д уух: тийм учраас өвлийн улиралд нэмэлтээр витамин Д уух нь түүний дутлаас сэргийлэх гол арга болоод байна.
-Нэмэлт витамин Д-г эмчийн бичиггүй ууж болох уу?
-Витамин Д бол жоргүй олгодог эмийн жагсаалтад ордог. Гэвч онош тогтоох, эмчилгээ төлөвлөхдөө орчин үеийн анагаах ухаан нотолгоонд сууриласан байхыг шаарддаг. Тэгэхээр дур мэдэн витамин Д хэрэглэхээсээ өмнө үнэхээр дутагдал орсон эсэхээ лабараторийн шинжилгээгээр мэдэх, эсвэл эмчийн хяналтад орох шаардлагатай. Хамгийн чухал хэсэг нь эмчилгээний хяналт буюу дутагдалтай байхад уухад байсан хэмжээгээ витамин хэрэглэж байх үедээ мөн лабораторийн шинжилгээгээр хянаж, ажиглаж байх шаардлагатай. Түүнээс хэр удаан уух, уух тунгийн хэмжээ, зохистой байдал зэргийг тодорхойлно.
-Д витамины хэмжээгээ хэрхэн шинжлүүлж мэдэж болох вэ?
Манай төвийн хувьд францын “bioMeriuex” компанийн VIDAS багаж дээр уг шинжилгээг хийдэг бөгөөд олон улсын Randox иммунологийн гадаад чанарын хяналтаар баталгаажсан анхны лабораторийн нэг юм.
Г.ДАША