Нийгмийн даатгалын санг арилжааных болгоно

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын санг арилжааных болгоно

Нийгмийн даатгалын сангийн мөнгөний үлдэгдэл өнөөдрийн байдлаар 808 тэрбум төгрөг байгааг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хэллээ. Үүнээс 570 тэрбум төгрөг нь арилжааны есөн банкинд хадгаламж хэлбэрээр, 57 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд болон арилжаалагдаж буй аж. Харин 178 тэрбум төгрөгийн харилцах үлдэгдэлтэй. Сард 380 орчим мянган тэтгэврийн насны иргэнд 113 тэрбум төгрөгийг хуваан өгдөг байна. Эдийн засгийн хямрал гэх шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй компаниудын ихэнх нь уул уурхай, барилгын салбарынх ажээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар 116 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын авлагатай байна. Компаниуд нийгмийн даатгалын шимтгэлээ өгөхгүй удвал бэлэн мөнгөний урсгалд сөргөөр нөлөөлж эхлэхийг салбарын яамнаас нь онцолж байлаа. Энэ онд нийгмийн даатгалын сангийн мөнгөний хүүгийн орлогоос 53 тэрбум төгрөгийг олж, төсөвт бүрдүүлэх тооцоог УИХ гаргажээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөг 600 мянга гаруй иргэн байна. Үүнээс 200 мянга нь гадаадад амьдардаг, 200 мянга нь хувийн хэвшилд ажилладаг. Цаашид нийгмийн даатгалын мөнгийг албадан авах бус тухайн санг арилжааны хэлбэрт шилжүүлж, нийгмийн даатгалын байцаагчдыг менежерийн статусаар солих бодлого боловсруулна гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ. Мөн тэрбээр “2017 оны улсын төсвийн төсөлд нийгмийн даатгалын сангаас 587 тэрбум төгрөг татаас авахаар тусгасан. Нийгмийн даатгалын санг улс төрийн тоглолтоос салгах цаг болсон” хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш нийгмийн даатгалын санд өртэй компаниудаас 29.7 тэрбум төгрөгийг авлагыг авч чадсан. Харин шимтгэлийн өртэй боловч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй 373 аж ахуйн нэгжид итгэж, үүссэн шимтгэлийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу хуваан төлөх боломжийг олгожээ.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж