Британы National Trust буяны
сан Abbay road бичлэгийн студийг худалдан авч магадгүй байна. Abbay Road
студи нь цагтаа дэлхийд нэртэй Beatles, Pink Floyd, Radio head, Blur
зэрэг маш олон алдартай хамтлаг дуучдын бичлэгийг хэвлэн гаргаж байсан
юм. Одоогоор дуу бичлэгийн EMI компани дээрх студийг эзэмшдэг бөгөөд хэд
хоногийн өмнө Abbay Road-ыг зарах гэж байгаа тухайгаа олон нийтэд
зарлажээ. Энэ тухай тэд өнгөрсөн жил санхүүгийн ноцтой алдагдалд орсон
тул 1929 оноос хойш эзэмшиж байгаа студиэ бусдад худалдахаас өөр аргагүй
байдалд хүрсэн гэж тайлбарлаж байгаа юм. Abbay Road нь бүхэл бүтэн
оркестр бичих хүчин чадалтай Британи дахь цөөн студийн нэг. Зарим нэг
мэдээнээс үзвэл Британичуудын үндэсний бахархал болсон энэ студи 10-30
сая паунд стерлинг хүрч магадгүй байна. Өнгөрсөн лхагва гаригт BBC 2
радиогийн хөтлөгч Крис Эванс болон Экс Битлз хамтлагийн гишүүн ноён Пол
Макартни нар ярилцаж байхдаа студийг гадныханд алдалгүй авч үлдэх тухай
асуудлыг босгон дээрх сангаас туслалцаа хүссэн байна. Нэвтрүүлгийн дараа
National Trust сан хүмүүсийн Abbay Road-тай холбоотой гуйлт хүсэлтэд
дарагджээ. Тус санд аливаа нэг байшин барилгыг худалдаж ав гэсэн хүсэлт
иргэдээс ирэх нь ховор байдаг. Гэвч Abbay Road-ийн тухайд улс үндэсний
бахархал болохын хувьд хүмүүсийн зүрх сэтгэлд их ойр гэдгийг харуулж
байна. Сан өөрийнхөө албан ёсны сайтаар дамжуулан хэвлэлийнхнийг
нээлттэй хэлэлцүүлэгт урина. Хэрэв Британичуудын ихэнх үүнийг дэмжвэл
тус студийг худалдан авах санхүүжилтыг хайж эхэлнэ гэсэн нааштай
мэдээллийг өгчээ. National Trust сан Британи даяар 300 гаруй түүхэн
барилга, 160 орчим цэцэрлэгт хүрээлэн, мөн далайн эргийн дагуух мянга
гаруй км газрыг эзэмшдэг юм.
Л.Золбаяр
2010-02-21