Үндэсний дээд лигт өрсөлдөж багуудыг чансаагаар нь эрэмбэлэх юм бол үндэсний дээд лигийн хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Б.Гансүх эзэнтэй, С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон” клуб гуравт бичигдэнэ.
Жил бүр медалийн төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг “Хоромхон”-ыг үндэсний дээд лигт гялалзах нэгэн чимэг гэдэгтэй маргахын аргагүй. Клубын шав 1999 онд тавигдаж, дараа жил нь үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Хайнекен” нэртэй зодоглосон байдаг. Уг нэрийг нуруундаа дөрвөн жил үүрч яваад 2004 онд алт шиг үнэтэй хоромхон хугацаагаар өөрсдийгөө зүйрлэн одоогийн “Хоромхон” клуб өнөөдрийн алдраа олсон.
Тухайн жилдээ лигт аман хүзүүдэн, мөнгөн медалийг энгэртээ, харууслын нулимсын хамтаар гялалзуулан лигийн аварга болох хүсэлтэйгээр тэрхүү улирлыг үдсэн. Гэхдээ тэд мөрөөдөлдөө хүрэхэд ердөө ганцхан жилийн хугацаа шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл “Хоромхон” лигийн анхны түрүүгээ 2005 онд хүртэв. Жилийн дараа лигийн аваргын төлөө өрсөлдсөн ч “Хасын Хүлэгүүд” багт алтан медалиа алдсан. Мөнгөн медалийн цуврал үүгээр дуусалгүй 2008, 2012 онд мөн л аман хүзүүдсэн.
Анх дээд лигт түрүүлснээс хойш есөн жилийн дараа буюу 2014 онд үндэсний дээд лигийг “Нийслэл” нэртэй байх сүүлийн улиралд дахин түрүүлсэн. Харин “Хүрхрээ” үндэсний дээд лиг нэртэй болсоноос хойшхи анхны медалиа энэ улиралд хүртсэн нь хүрэл медаль байлаа. Тэд бүтэн зургаан сар үргэлжилсэн дээд лигээс хүрэл медаль хүртэж, 20 сая төгрөгийн эзэн болоход сүүлийн тойргоос эерэг үр дүн авах шаардлагатай байсан. Тийм чухал ач холбогдолтой тоглолтод О.Оюунбаатарын гоолын ачаар “УБ Унаганууд”-аас хэрэгтэй үр дүнгээ салгаж, шагналын тавцанд гарах эрхтэй болсон.
Олон жил дээд лигийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж байгаа нь “Хоромхон”-ы бүрэлдэхүүнтэй салшгүй холбоотой. “Дэрэн” клубын ахлах дасгалжуулагч Вожислав Бралусич “Хоромхон” бол дээд лигийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг хэмээсэнтэй санал зөрөх хүн үгүй болов уу. Учир нь тэдний эгнээнд “Хүрхрээ” дээд лигийн шилдэг хамгаалагч Д.Төрбат тэргүүтэй О.Оюунбаатар, Н.Наранболд, Э.Отгонпүрэв, А.Улсболд гэсэн үндэсний шигшээ багийн тоглогчид багтсан. Түүнчлэн Монгол Роналду гэгддэг авьяаслаг залуу тоглогч Г.Ганбаяр “Хоромхон”-д данстай. Дөнгөж 16 настай тэрбээр одоо Унгарын алдарт хөлбөмбөгч Перес Пушкашын нэрэмжит сургуульд бүтэн жилийн хугацаатай суралцаж байгаа.
Дан ганц Г.Ганбаяр гэлтгүй олон шилдэг залуу тоглогчид “Хоромхон”-ы төлөө хүчин зүтгэж явааг манай үзэгчид Б.Балжинням, Э.Бат-Оргил нарын тоглолтоос бэлхэнээ харсан биз ээ. Ерөөс энэ клубын онцлог нь гол төлөв өөрсдийн бэлтгэсэн өсвөр насны хөлбөмбөгчдийг ирээдүйн лигийн, шигшээ багийн тамирчин болгон бэлддэгтэй холбоотой. “Хоромхон”-ы төлөө хамгийн удаан хүчин зүтгэсэн тоглогч бол А.Батболд. Тэрбээр 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл багийнхаа хамтаар үндэсний дээд лигт тоглож байна.
ЭХ СУРВАЛЖ: THE-MFF.MN