Tаеквондогийн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Tаеквондогийн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгджээ

-Элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээнд 510 өсвөрийн тамирчид өрсөлдөж байна –

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит IV удаагийн олимпийн таеквондогийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд өндөрлөнө. Тус тэмцээнд хот, хөдөөгийн 31 байгууллагын 510 тамирчин бага, дунд, ахлах насанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотын сургуулиудас гадна Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул зэрэг аймгийн тамирчид оролцож байна. Зарим насны ангилалд 17-20 тамирчин өрсөлдөж байгаа учраас олон сонирхолтой тоглолтууд гарч байгаа зохион байгуулагчид дурдлаа. Тодруулбал, хөвгүүдийн 7-8 насанд 20, 5-6 насанд 18 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний үеэр тамирчин болон багшийн сэтгэгдлийг сонслоо.


Билэгдэмбэрэлийн НОМИН /7 настай/

Би нийслэлийн 16-р сургуулиас оролцож байна. Энэ жил 7 настай. Би таеквондогийн спортоор хичээллээд нэг жил болж байгаа. Би ухаантай болох гээд энэ спортыг сонгосон.  Энэ спорт их гоё. Би анхны тэмцээндээ орж байгаа болохоор их сандарч байна. Хүүхдүүд маш сайн бэлтгэлтэй байна. Гэхдээ би нэг хожил авсан.

Билэгдэмбэрэлийн НОМИН /7 настай/


Баярсайханы ТӨГӨЛДӨР /8 настай/

Намайг Б.Төгөлдөр гэдэг. Би 8 насны 30 кг-д өрсөлдөж байна. Нийслэлийн 23-р сургуульд Долгормаа багшийн ангид суралцдаг. Энэ миний дөрөв дэх тэмцээн. Өмнөх тэмцээнээс медаль авч чадаагүй. Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүд маш их байдаг. Манай жин маш өрсөлдөөнтэй болж байна. Би эхний хожлоо авлаа. Хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүй гэж энэ спортыг сонгосон. Таеквондогийн спорт их гоё. Маш олон тактиктай болж чаддаг. Багш нартаа баярлалаа.   

Баярсайханы ТӨГӨЛДӨР /8 настай/


Б.Хонгорзул /10 настай/

Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Биргэд сургуулийн 6б ангид суралцдаг. 9-11 насны 33 кг-д өрсөлдөж байна. Манай жинд олон хүчтэй өрсөлдөгч бий. Таеквондогийн спортоор нэг жил хичээллэж байна. Энэ спортоор хичээллэхээс өмнө бүжгийн дугуйланд явдаг байсан. Биеэ хамгаалах үүднээс энэ спортыг сонгосон. Хэдийгээр хичээллээд нэг жил болж байгаа ч олон тэмцээнд оролцлоо. Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс хүрэл, “Токио 2020” тэмцээнд мөнгө, “Харцага цом”-оос алтан медаль авсан.

Б.Хонгорзул /10 настай/


И Чан Юн /БНСУ/

Би монголд 2012 оноос эхлэн ажиллаж байна. Таеквондогийн багшаар ажилладаг. Манай сургууль Сансарт байрлах 33-р сургуулийн дэргэд бий. Хүүхдүүд энэ спортыг сонгож, өөрийгөө хамгаалах урлагийг суралцаж байгаад талархаж байна. Мөн сүүлийн жилүүдэд монголын тамирчид олон улсад өндөр амжилтыг үзүүлээд эхэлсэн. Сая “Рио 2016” олимпийн наадамд Монголын тамирчин оролцлоо. Цаашид их олон амжилтууд гарч тамирчдын өрсөлдөөн улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

БНСУ-ын багш И Чан Юн

Энэ удаагийн тэмцээнд “Рио 2016” олимпийн наадамд хэрэглэсэн, дэлхийн стандартыг бүрэн хангасан Испани улсын “Даедо” компанийн цахим цээжний хамгаалалт, цахим малгайг хэрэглэж байна. Энэхүү цахим онооны системийг нэвтрүүлснээр шүүгчдийн оролцоог багасгаж, тэмцээний үед гардаг ямар нэгэн будлиан, маргаантай асуудлыг арилгаж, шударга өрсөлдөх боломжийг тамирчдад олгох зэрэг ихээхэн давуу байдлыг өгч байгаа аж.

Сүүлийн жилүүдэд таеквондогийн спорт өндөр түвшинд хөгжиж байгаа нь манай тамирчдын олон улсад гаргаж байгаа амжилтуудаас харж болно. Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн бол П.Тэмүүжин “Рио 2016” олимпийн наадамд эрх аван өрсөлдөж, анхны хожлоо авсан.

Сүүлийн жилүүдэд таеквондогийн спорт өндөр түвшинд хөгжиж байгаа нь манай тамирчдын олон улсад гаргаж байгаа амжилтуудаас харж болно. Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн бол П.Тэмүүжин “Рио 2016” олимпийн наадамд эрх аван өрсөлдөж, анхны хожлоо авсан. Олимпийн наадамд анх удаа оролцсон П.Тэмүүжин дэлхийн аваргын хүрэл медальт, Мексикийн тамирчин Саул Гутьрресийг хожин, улмаар “Лондон 2012” олимпийн аварга Испанийн Г.Бониллатай тулалдсан гээд таеквондогийн спортын түүхэнд шинэ амжилтыг түүхийг бичсэн билээ.

Хот, хөдөөгийн 510 өсвөрийн тамирчин оролцож буй БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж