“Итгэл” кино “Asian World Film Festival”-аас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

“Итгэл” кино “Asian World Film Festival”-аас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

Найруулагч Б.Гарамхандын бүтээл "Итгэл" уран сайхны кино АНУ-ын Лос-Анжелес Холливудад “Asian World Film Festival” буюу “Дэлхийн Азийн кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсан баярт мэдээг дөнгөж сая кино багийнхан цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ.

Тодруулбал, Азийн шилдэг киночид өрсөлдөж буй энэхүү наадмын хүндэт гишүүнээр “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн ажилладаг аж. Тэр ч утгаараа “Азийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм. Тус наадамд Ази тивийн 40 гаруй орны кино уран бүтээлчид 50 киног долоон номинацид сойсон юм. 

Кино бүтээгчдийг хооронд нь танилцуулах цаашдаа хамтран ажиллах боломжийг нээх төдийгүй Азийн кино уран бүтээлчийг Холливудад танигдах боломжийг нээдэг уг наадамд өнгөрсөн жил найруулагч Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн энэ жил “Итгэл” уран сайхны кино ийнхүү монголын киночдын амжилтыг дахин баталгаажууллаа.

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Итгэл” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан. Харин гол дүрд “Холливуд”-д Монгол жүжигчдэд жим гаргасан жүжигчин Б.Амарсайхан “Guys” хамтлагийн М.Мягмар, жүжигчин Ц.Төмөрхуяг нар тоглосон юм. Дэлгэцэд гарсан цагаасаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч буй “Итгэл” кино Азийн дэлхийн шилдэг кино наадамд ийнхүү өрсөлдөх гэж байна.

Сонирхуулахад, “Asian World Film Festival”-ын хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Лос-Анжелесын Culver  хотын  “ArcLight”  кино театрт "Итгэл” кино үзэгчдийн хүртээл болсон. Итгэл киноны тасалбар кино наадмын хүрээнд хамгийн эрэлттэй байсан бөгөөд киноны товоос өмнө тасалбар нь дуусч, наадмыг зохион байгуулагчид нэмэлтээр уг киног дахин нэг танхимд гаргах шийдвэрийг гаргаж байсан билээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж