БНСУ-ын эмч нар Төв аймгийн иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

БНСУ-ын эмч нар Төв аймгийн иргэдэд үйлчилнэ

БНСУ-ын
Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг энэ сарын
20-25-нд Монголд ажиллахаар ирээд байна. Тэднийг саяхан Засгийн газрын
Шадар сайд М.Энхболд Төрийн ордонд хүлээн авч, уулзлаа. УИХ-ын гишүүн,
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч,
эрдэмтдийн багийг Монголд ажиллуулах, өөрийн сонгогдсон Төв аймгийн
иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, эмчилгээ явуулах санал тавьсан нь
өнөөдөр ажил хэрэг болж байгаад талархаж байгаагаа уулзалтын эхэнд
илэрхийллээ. Шадар сайд М.Энхболдын санаачилгаар байгуулагдаж, үйл
ажиллагаа явуулж буй “Эх нутгийн иргэд” ТББ-ынхан энэ удаагийн үйл
ажиллагааг зохион байгуулан ажиллах юм байна.

БНСУ-ын эрүүл
мэндийн салбарынхан 2011 оныг хөгжиж буй орнуудад туслах аяны жил болгон
зарлажээ. Аяны хүрээнд ийнхүү Монгол Улсад ажиллахаар болсон байна.
Солонгос эмч нар Монголын хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан бүс
нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, томоохон
хот суурин газартай ойр хэдий ч тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн
үйлчилгээг хангалттай хүртэж чаддаггүй бүс нутгийг сонгон ажиллахаар
болжээ.  
Энэ удаад эмч нар Төв аймгийн Зуунмод сумын иргэдэд эрүүл
мэндийн анхан,  дунд шатны тусламж үйлчилгээг хүргэхээс гадна, үнэ
төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ, хөнгөн төрлийн хагалгаа хийх юм
байна. Урьдчилан зарласны дагуу зөвхөн Зуунмод сумын иргэд төдийгүй тус
аймгийн 27 сумын иргэд үзлэгт хамрагдах боломжтой ажээ.

БНСУ-ын
нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг энэ сарын 21, 22, 23-нд Зуунмод
суманд ажиллах бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр 16.00 цагт Төв
аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд болох аж.  

Төв аймагт ажиллах
эмч нар чих хамар хоолой, дотор, өрхийн анагаах ухаан, уламжлалт анагаах
ухаан, мэдээгүйжүүлэлт, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, эмч
зүйч, эхо, рентген гэсэн чиглэлээр иргэдэд үзлэг оношлогоо хийхээр
болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж