Хүүхэд харагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Хүүхэд харагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

“Хүүхэд бүрт ижил гараа өгье”, “Хүүхдийн ирээдүй тэднээс биш биднээс хамаардаг”, Таван тэрбум төгрөгөөр таван цэцэрлэг барих уу, 6353 хүүхдийг аврах уу” гэсэн бичигтэй цаасыг гартаа барьсан хэсэг хүн өнөөдөр /2016.11.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм Тэд бол хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид.

“Энэ үйлчилгээг зогсоовол нөхөн олговор бидэнд олгохыг шаардана”

“Манай Хан-Уул дүүрэгт хүүхэд харах 23 төвд 67 хүүхэд харагч 308 хүүхэд хамруулан ажиллаж байна. Миний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас дүүргийнхээ 9 дүгээр хороонд 15 хүүхэдтэйгээр хүүхэд харах үйлчилгээ явуулж эхэлсэн. Одоо манай үйлчилгээ маань хэвийн явагдаж байна. Хүүхдүүдийн маань эцэг, эхийн ихэнх нь залуу хүмүүс байдаг. Хэрэв энэ үйлчилгээ зогсвол бид ажлаа, хүүхдээ яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Бид сард нэг хүүхдээс 50-60 мянган төгрөгийн төлбөр авдаг. Энэ төлбөр нь дунд түвшний амьдралтай иргэдэд боломжийн байдаг нь харагддаг. Харин амьжиргааны түвшин доогуур хүмүүс хүүхдэдээ ийм хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй байгаа, тиймээс амьжиргааны түвшин доогуур хоёр хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж байгаа. Миний хувьд энэ ажлыг эрхлэхээр тодорхой хэмжээний зээл авсан. Хэрвээ энэ үйлчилгээг төрөөс зогсоохоор болж байгаа бол бидний зарцуулсан хөрөнгийг тооцон үнэлж, нөхөн олговор олгохыг шаардаж байна” хэмээн Ч.Сэлэнгээ ярьсан юм.

УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг суулгаж, хүүхэд харах үйлчилгээний 688 төв байгуулж, нийслэлд 5913, орон нутагт 4414, нийт 10327 хүүхдийг хамруулахаар болсон. Хууль хэрэгжсэн дөрвөн сарын хугацаанд хүүхэд харах 437 төв байгуулагдаж, тогтмол ажлын байр нь 1024, үүнийгээ дагаад 6000 гаруй эцэг, эх ажил хийх боломжоор хангагдсан гэдгийг хурал зохион байгуулагчид хэлж байв.

Гэвч шинэ УИХ Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр санхүүжилтийг нь зогсоохоор болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

1000 гаруй иргэд, 7000 гаруй эцэг, эх тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ үйлчилгээг эрхэлж байгаа иргэд УИХ-ын шийдвэрийг дуулаад эвлэлдэн Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн зөвлөлийг байгуулжээ. Энэ зөвлөлийн гишүүн Б.Мягмардорж “Хуулийн хэрэгжилтийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, 2017-2018 оны улсын төсөвт эхний ээлжийн таван тэрбум төгрөгийг суулгаж өгөхийг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байна. Хэрэв бидний шаардлагад 36 цагийн дотор хариу өгөхгүй бол энэ сарын 3-нд Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 1000 гаруй иргэд, хүүхдүүдийн эцэг, эх болох 7000 гаруй хүмүүс тэмцлийн хурц хэлбэрт шилжин орно гэдгээ илэрхийлж байна” гэв.

Монгол Улсын нийт хүн амын 9.3 хувь нь 2-5 насны 290 262 хүүхэд байна. Үүнээс улсын болон хувийн цэцэрлэгт 219 035 хүүхэд хамрагдсан бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр 6353 хүүхэд хамрагдаж байгаа юм. Үлдсэн 64 574 хүүхдүүд цэцэрлэггүй, гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрүүлж байгааг мөн энд дурдаж байлаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж