
Төрийн шагналт Баабар, 1996 онд бичсэн “XX зууны Монгол: нүүдэл суудал, олз гарз” номын тэргүүн хуудсанд Хүннү гүрнийг магтан дуулсан өгүүлбэр бичсэн байдаг. Тэрээр, Америкийн Ерөнхийлөгч Р.Никсоны, Хятадын Цагаан хэрмэн дээр очоод хэлсэн “Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” үгийг ишлэл болгон тавьсан. Дараагийн цогц мөрд нь өөрөө “Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна” гэж бичсэн билээ.
Төв Азийн нүүдэлчдийн байгуулсан анхны эзэнт гүрэн, МЭӨ 209-өөс МЭ-ий 93 оны хооронд оршин тогтнож байсан Хүннүгийн нэрээр уламжлагдан бидний хойч үед ирсэн хоёр их усан манай оронд буй. Эдгээр нь Завханы Хүнгүй гол, Архангайн Хүнүй гол бөгөөд нэр нь ийм гэдгийн гаргалгааг эрдэмтэн доктор Бямбын Ринчен, Лодонгийн Түдэв нар хийсэн байна.
Хүнгүй гол нь Завхан аймгийн Завханмандалын зүүн зах Голын эхийн элсэн хормойноос урсан эх авч баруун тийшээ тус сумын нутаг,улмаар Ургамал, Увс аймгийн Завхан сумыг дайран 196 км довтолгосоор Айраг нуурт цутгадаг. Завхандал сумын төвөөс зүүнтээ орших Цахир хайрхан, Хүрэн хайрхан хэмээх хоёр уулын өвдөгцөөд Хүннүгийн их бага хаадын булш шинэ цагийн археологчдын судалгааг хүлээн амирлаж буй. Хүнүй гол нь Хангайн нурууны салбар уулс-Бугатын нуруунаас эх авч зүүн хойдыг барин 120 км довтолгоод Хануй голд цутгадаг. Монголын археологчид, француудтай хамтран энэ голын ай сав газар, Архангай аймгийн нутагт Хүннүгийн үеийн булш бунхныг гурав дахь жилдээ судлан тандаж, шинжлэн үзэж байгаа билээ.
Би “Сүннү бол Монгол, Монгол бол Сүннү” гэж онч мэргэн үг зохиогоод анд нөхдөдөө сонордуулан гайхуулж долдугаар сарын 11-нээс 17-ны хооронд долоо хоног зовхи өөдөө наадамдлаа. Миний зохиосон шинэ үг, Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн “Нам бол төрийн улаан булан мөн”, эсвэл Засгийн газрын ордон (одоогийн Боловсролын их сургуулийн байр) дээр байсан “Манай улс бол Мал аж ахуйн орон мөн. Х.Чойбалсан” гэсэн ишлэл уриа, зохиолч М.Дэмчигийн “Чоно биднийг чоно гэдэг” афоризмаас дээрдэдгүй юм гэхэд доордохгүй үнэлэмжтэй гэж хөөрцөглөв. Гэтэл Сүннү гэдэг нь улсын нэр биш Хүннүгийн эзэн хааныг нэрлэсэн үг-Шаньюй юм байна. Ингэхэд эхнээсээ “Ерөнхийлөгч бол Шаньюй, Шаньюй бол Ерөнхийлөгч” гэж хэлж явсан бол дээр байж. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч өргөмжлөлт Д.Нацагдорж зохиолч,
Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
гэж шүлэглэсэн нь “Болор цом”-ын наадам дээр уншдаг шүлэг яруу найргийн хоосон цэцэрхэл биш, их түүхээ “ойд төөрөөгүй сармагчин” мэт судалж мэдсэний илэрхийлэл байна. Их зохиолч маань ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хийж, “Монголын нууц товчоо”-г хүртэл орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, түүхийн шинжлэх ухаанд хөлөө тавьсан нэгэн явахдаа аугаа их түүхт Хүннүчүүд Их Монгол Улсын түрүү үе, өвгөд дээдэс гэдгийг Эзэн Чингис хаан мэддэг (үздэг, тооцдог биш шүү) байсныг, энэхүү баталгаа нь цагаан цаасан дээр, хар бэхээр бичээстэй найман зууны турш хадгалагдан ирснийг олж мэдсэн байх юм.
Би болохоор Хүннү судлаач, эрдэмтэн Я.Ганбаатарын, монгол хэлнээ хөрвүүлсэн “Чанчунь Бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” номоос наадмын дараа уншиж мэдэв.
Одоо “Сүннү бол Монгол, Монгол бол Сүннү” гэж хэлж ярихаа больсон. Бас, надад тохиолдсон бантан бол босоо монгол бичгээ мэдэхгүйгээс боллоо гэдгийг муухан ойлгосон…
Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж нийт олноо монгол бичиг сургахад ач холбогдол маш их өгч байгаа.
Миний бие ч монгол бичиг сурах нь маш ач холбогдолтой болохыг өөрт тохиолдсон явдлаас жишээ аван мэдэж, мэдэрч эхэллээ.
“Үндэсний шуудан” сонин