Ахмадууд Геронтологийн төвөө хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Ахмадууд Геронтологийн төвөө хүлээсээр

“Настан буурлуудаа харьяалал харгалзахгүй эмнэлгийн үйлчилгээнд хамруулах боломжтой болно. Энэ нь настан буурлуудынхаа төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт” хэмээн албаныхан хэлж, Геронтологийн төвийн барилгын шавыг одоогоос таван жилийн өмнө тавьж байв. Геронтологи гэдэг нь насжилт, хөгшрөлтийг судлах шинжлэх ухаан аж. Энэ төв ашиглалтад орсноор ахмадад амбулаторийн бүх төрлийн үйлчилгээ, харьяалалгүйгээр эмчлэх нөхцөл бүрэлдэх байжээ.

Гэвч эмнэлгийн барилгыг нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд барьж эхлээд 2013 онд 48 хувьд хүргээд, дахин хөдөлгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. “Царцсан” гэх жагсаалтад дээгүүр бичигдэх тус барилгыг энэ жил ч хэрхэх нь тодорхойгүй болжээ. Энэ талаар салбарын яамнаас тодруулахад санхүүжилт мөн л тодорхойгүй гэв.

Уг нь 2011 онд гүйцэтгэгч болох “Арвис интернэйшнл” ХХК хоёр тэрбум 722 сая төгрөгөөр барилгаа барьжээ. Энэ нь нийт санхүүжилтын 91 хувь юм. Гэвч дэд бүтэцгүйн улмаас барилгыг цааш үргэлжлүүлэх боломжгүй хэмээн орхисон нь өнөөдрийн дүр зураг юм байна. Тэгвэл дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Эрүүл мэндийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Т.Баярсайханы хэлж буйгаар Геронтологийн төвөөс 300 метрийн зайд барьж буй IV төрөхтэй дэд бүтцийн хувьд нэг гэв. Тиймээс төрөхийн санхүүжилтийг шийдвэрлэж байж дараа нь Геронтологийн төвийг үргэлжлүүлэх боломжтой юм байна. Төрөх эмнэлгийн барилга мөн л 2013 оноос хойш санхүүжилтын асуудлаар “царцсан”.

Тэгвэл төрөх эмнэлэг, Геронтологийн төв гэх хоёр барилгын санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг Үндэсний хөгжлийн газрын концессын үнэлгээнээс хамаарна хэмээн албаны хүн хэллээ. Ингээд энэ асуудлаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаас тодруулахад, “Одоогоор тендэр нээгдээгүй байна. Тендэр нээгдээд, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тодорхой чиглэл ирвэл санхүүжилтэд үнэлгээ хийгээд ажлыг цааш нь үргэлжлүүлнэ” гэх тайлбар хэлсэн юм. Албаныхны хэлж буйгаар нэн яаралтай барих шаардлагатай, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажлыг шуурхайлна гэв.

Геронтологийн төвийн шав тавих нээлтэд хэлж байсанчлан “Ахмад, буурлуудынхаа төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт” болох Геронтологийн төвийн 60 ортой эмнэлгээ хурдан барьж, ашиглалтад оруулахыг олон зуун ахмад хүсэн хүлээж буйг дамжуулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж