Сэргээш “ажиллагаа”

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Сэргээш “ажиллагаа”

Монгол Улс допинг хэрэглэдэг улсын хар дансанд 1972 онд бүртгэгдсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 30 шахам тамирчин олимп, тив дэлхийн чанартай тэмцээн, үндэсний их баяр наадмын үеэр допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргажээ.

Харин 1999 оноос эхлэн допингийн эсрэг санаачлагад нэгдэж, үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс анх удаа өөрсдөө бие даан допингийн шинжилгээ авч эхэлснээс хойш 17 жил өнгөрсөн байна. Наадмаар авсан шинжилгээг Монгол Улс БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид мөнгө төлж, шинжлүүлдэг. Бөхчүүдэд хэрэгтэй гэж үзээд ингэж хянадаг болсноос хойш хориод жил болох гэж байгаа ч одоо эцэстээ энэ асуудал ёс төдий зүйл мэт харагддаг болжээ.

Хамгийн сүүлийн жишээ. Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөхөөс авсан шинжилгээний хариуг зарлаж, Баян-Өлгий аймгийн харьяат Батчулуун овогтой Баатарцол, Увс аймгийн харьяат Бадрах овогтой Ганзориг нарын шинээр улсын начин цол хүртсэн залуусын А, В сорьцоос хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон тухай мэдээллээ. Үүний дараа дүрэм зөрчсөн гэж зарлагдсан бөхчүүд, тэдний ойр тойрны хүмүүс допингийн шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. Баттай бус эх сурвалжууд сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрс өөрчлөгдсөн байх магадлалтай, эсвэл сорьцын хариу эерэг гарсан өөр хоёр ч хүний нэрийг нууцалж, дарлаа гэхчлэн хардаж байна.

Бөхчүүд, спортын хүрээнийхэн ил нэг, далд нэг ярьдаг энэ мэт “болсон явдал” заримдаа Монголд шинжилгээ авах ажил биш “сэргээш ажиллагаа” явагддаг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Жил бүр л бөхчүүдийн допингийн асуудал хөндөгддөг. Авах хэрэгтэй, хэрэггүй гэдэг тухай. Бөхчүүд нь өөрсдөө мэдлэг, мэдээлэл муу. Наадмын үеэр шинжилгээ авдаг явц, түүний дараах процедурт эргэлздэг хүн ч олон байдаг. Тэр бүү хэл, бөхчүүд хүүхдийнхээ шээсийг савлаж авчраад шинжилгээнд өгдөг гэсэн яриа хүртэл сонсогддог. Том цолтой бөхчүүд эерэг гарсан сорьцын хариугаа олон нийтэд мэдэгдэхээс өмнө устгуулдаг гээд ингэх л байсан юм бол яах гэж тэр шээсийг өчнөөн мөнгө зарж шинжилдэг юм гэж бодогдохоор зүйлс ч яригддаг. Гэхдээ энэ бүхнийг үзэж харсан, хэн нэгэн баримтжуулж, баталгаажуулсан нь үгүй болохоор үнэн гэж итгэх нь өрөөсгөл. Хамгийн гол нь хардлага байгаа нь хараа хяналт, хариуцлага, үндэсний бөхчүүдээс сэргээш авах нь зөв эсэх асуудлыг сөхөхөд хүргэж байгаа шалтгаан. Бөхчүүд, спортын хүрээнийхэн ил нэг, далд нэг ярьдаг энэ мэт “явдал” заримдаа Монголд шинжилгээ авах ажил биш “сэргээш ажиллагаа” явагддаг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ жилийн наадмын допингийн шинжилгээний дүнг зарласны дараа улсын арслан Н.Батсуурь сошиалд байр сууриа илэрхийлж, “Допингийн асуудлыг хүмүүст ил тод байлгамаар байна. 32 бөх шинжилгээ өгсөн, хоёр хүнээс допинг илэрсэн байна. Гэтэл нөгөө 30 хүний тоонд би бас байгаа. Харин допингийн хариу ерөөсөө ирсэнгүй. Жил бүр л ийм байна, илэрсэн, илрээгүй гэдэг. Энэ асуудлыг ард түмэнд ил тод харуулахыг хүсч байна. Бичгээр хариугаа авмаар байна. Бусад бөхчүүд ч гэсэн энэ асуудалд нэгдэх хэрэгтэй. Шударга өрсөлдөөн, шударга тэмцлийн төлөө монгол Бөхийн холбоо ажилламаар байна” хэмээн бичжээ. Тэр зөв шаардлага тавьсан байна. 

Бөхчүүдээс сэргээш авах шаардлагатай л юм бол анхнаас нь бүх явцыг зохих журамд нь нийцүүлэн, хардах хэмжээнд хүргэлгүй гүйцэтгэмээр санагддаг. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хонгилын өрөөнд шинжилгээ авахдаа ямар хяналттай байдаг вэ? Ямар бүрэлдэхүүн, ямар журмаар авч, цаашлаад хаана, хэрхэн хадгалагдаж байдагт бөхчүүд ч, иргэд ч бүгд итгэдэг байх нь чухал.

Нэг талаар Допингийн эсрэг төв хариуцаж байгаа юм шиг, нөгөө талаар Бөхийн холбоонд ч хамаатай юм шиг, тэгснээ Баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцлагыг нь үүрүүлдэг гэхчлэн хууль эрхзүй, зохицуулалтын хувьд ч энэ асуудал угаасаа олон цоорхойтой. Үнэхээр тухайн бөх хориотой эм бэлдмэл зориудаар хэрэглэсэн бол бусад бөхөд хохиролтой. Олон нийтийн хардаж байгаачлан бөхчүүдийн нэр ус солигдоод ирдэг бол тэр хүнд бүр илүү халгаатай байж таарна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй бөхийг сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж зарласан ч хүлээх хариуцлагын хувьд харилцан адилгүй байжээ. Хуулиндаа хамгийн цаад тал нь цол хураах хүртэл заалттай ч ихэвчлэн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх зэрэг заалтыг барьж, хариуцлага тооцсон байдаг. Цол хурааж байсан нэг тохиолдол байдаг нь Б.Суманчулуун, Н.Адъяабат нарт ноогджээ. /2015 оны хоёрдугаар сард Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож, хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ/.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс одоо энэ жилийн баяр наадмын шинжилгээнд бүдэрсэн дээрх хоёр бөхөд ямар хариуцлага үүрүүлэхийг шийднэ. Магадгүй, урьдын адил барилдах эрхийг хэсэг хугацаагаар хасаад асуудал энэ жилдээ нэг тийш болох байх. Харин Зохион байгуулах хороо улсын арслан Н.Батсуурийн хүссэнчлэн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариуг нэг бүрчлэн хянаж, бичгээр хариу өгөхөд яагаад болохгүй гэж.

Цаашилбал, шинжилгээ авдаг, өгдөг энэ “ажиллагаа”-г эсвэл олон улсын ном дүрмээр нь авч, нөгөө бол бүр больсон нь дээр биш үү.

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТ:

/Эх сурвалж: www.antidoping.mn/

  • 2002 он: А.Сүхбат /анаболик стероид/

  • 2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/

  • 2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/

  • 2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/

  • 2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/

  • 2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/

  • 2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/

  • 2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/

  • 2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/

  • 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/

  • 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/

  • 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/

  • 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/

  • 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/

  • 2016 он: Б.Баатарцол

  • 2016 он: Б.Ганзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж