Ганга нуурт 700 хун чуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Ганга нуурт 700 хун чуулжээ

Тал нутгийн жижигхэн нуур Гангад шувууд тэгтлээ дурладгийн учрыг өнөө хэр олоогүй ч нүдэн жаахан нуурын 90 хувь нь ширгэсэн гэсэн эмгэнэлт мэдээ намаржин түгшээсэн. Чуулах хунгүй болтлоо ширгээд байсан Ганга нуур сэргэж, хуучин төрхөндөө ороход ойртсон гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга В.Сүхбаатар манайд мэдээллээ.

-Ганга нуур сэргэхэд юу нөлөөлөв. Хойшид ширгээхгүй байхад хэр анхаарч байна вэ?

-Манай нутагт хавар, зунжин ороогүй бороо намартаа орлоо. Энэ нь Ганга нуурыг сэргэхэд гол нөлөө үзүүлсэн. Мөн бид нуураа тойруулан хамгаалалт хийсэн. Нийтдээ 6,7 км газрыг тор татаж хамгаалсан болохоор малын хөл татарсан гэсэн үг. Ингэснээр Баянбулаг, Оргихын булгийн урсгал нэмэгдэж, нуурын 90 хувь нь устай болсон. Яг одоогоор нуур хөлдөж, шувууд буцаад байна. Цаашид нуураа сэргээхийн тулд хийх ажил их байна. Хамгийн эхлээд өвлийн улиралд хунгар цас тогтооно. Идэр гурван ес эхлэх үеэс энэ ажлыг эхлүүлдэг. Цасан бүрхүүл тогтмогц хавь орчны цасыг нууранд хунгарлуулж тогтооно. Энэ ажилд нутгийн зон олон, сайхан сэтгэлт хүмүүс нэмэр хандид болно гэдэгт итгэлтэй байна. Хавар, зундаа бол үүлэнд нөлөөлж бороо оруулах талаар холбогдох албаныхантай ярьж тохирсон.

-Энэ жил Гангад хун чуулсан уу?

-700 орчим хун чуулсан.

-Хавар ирж буй шувууд бас чуулдаг гэх юм. Үнэн үү?

-Хавар хун чуулдаггүй. Гэхдээ 400-500 хун болон бусад шувууд нуураар дамжин өнгөрдөг гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж