БНСУ-ын эрүүл мэндийн салбарынхан 2011 оныг хөгжиж буй орнуудад туслах аяны жил болгон зарлажээ. Аяны хүрээнд ийнхүү Монгол Улсад ажиллахаар болсон байна. Солонгос эмч нар Монголын хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан бүс нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, томоохон хот суурин газартай ойр хэдий ч тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хүртэж чаддаггүй бүс нутгийг сонгон ажиллахаар болжээ.
Энэ удаад эмч нар Төв аймгийн Зуунмод сумын иргэдэд эрүүл мэндийн анхан, дунд шатны тусламж үйлчилгээг хүргэхээс гадна, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ, хөнгөн төрлийн хагалгаа хийх юм байна. Урьдчилан зарласны дагуу зөвхөн Зуунмод сумын иргэд төдийгүй тус аймгийн 27 сумын иргэд үзлэгт хамрагдах боломжтой ажээ.
БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг энэ сарын 21, 22, 23-нд Зуунмод суманд ажиллах бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр 16.00 цагт Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд болох аж.
Төв аймагт ажиллах эмч нар чих хамар хоолой, дотор, өрхийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, мэдээгүйжүүлэлт, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, эмч зүйч, эхо, рентген гэсэн чиглэлээр иргэдэд үзлэг оношлогоо хийхээр болжээ.