Антарктидад дархан цаазат бүс байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Антарктидад дархан цаазат бүс байгуулна

Антарктидад байгаль хамгаалах далайн бүсийг байгуулна. Нийт талбайн хэмжээ 1,5 сая кв.км бөгөөд 35 жилийн турш үйлчилнэ

Антарктидад загас агнах зөвшөөрөл хүссэн АНУ, Шинэ Зеландын санал ОХУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч улмаар саналаасаа татгалзсан. Энэ тивд Байгаль орчныг хамгаалах бүс байгуулж буй талаар Антарктидийн далайн амьд нөөцийг хамгаалах комиссын (АНТКОМ) 35 дугаар зөвөлгөөний үеэр зарласан. 

Хамгаалах бүсийн нийт талбай нь Антарктидийн Россагийн тэнгисийн 1,5 сая кв.км нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд бүс байгуулах гэрээ 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм. Ингэснээр энэ бүсээс загас агнахыг 35 жил хориглох юм. Гэхдээ криль гэх хавч хэлбэрийн нялцгай биетэн, 80 кг-ийн жин хүрдэг клыкач гэх алганын төрлийн загасыг судалгааны зорилгоор барих тусгай бүсүүдийг зааж өгнө.

"АНТКОМ-ын нийт 25 оролцогчийн саналыг авахын тулд бид санаачилгаа бага зэрэг өөрчлөхөд хүрлээ” хэмээн Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккалли тайлбарлав. Гэрээнд байгаль хамгаалах үүрэг, загас агнуурын эрх ашиг, мөн шинжлэх ухааны сонирхлыг тэнвэртэй хангахыг зорьсон гэдгийг тэр онцлов.

Россагийн тэнгис нь оцон шувууд, далайн хав, халим амьдардаг, хүний гар бараг хүрээгүй далайн сүүлчийн экосистем юм. Энэ бүс нь далайн экосистемийн оршин тогтнол, далайн уур амьсгалыг судлахад шинжлэх ухаанд чухал үүрэгтэй.

Ийм бүс нутгийн төлөө тууштай байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Антарктидад байгаль хамгаалах бүс байгуулах гэрээ байгуулсан олон улсын түншүүддээ баяр хүргэлээ.

"АНУ АНТКОМ-ын бүх гишүүнд хамтран ажиллаж, ийм чухал шийдэлд хүрсэнд баяр хүргэж байна. Та бүхэн энэ ер бусын дархан бүсийг Россагийн тэнгист байгуулан хойч үедээ үлдээлээ” хэмээн тэр мэдэгджээ.

Антарктидийн эргийн дагуух далай тэнгист 10 мянган төрлийн амьтад амьдардаг. Тэдний дунд ховордсон төрөл цөөнгүй байгаа.

Шинэ бүс оросуудын эрх ашигт нийцсэнгүй

Антарктидад байгаль хамгаалах бүс байгуулах санал олон жил яригдсан ч ОХУ, Хятад, Украин хориг тавьж ирсэн юм. Эдгээр улс яагаад эсрэг байв гэдэг сонин. Энэ нь загас агнууртай холбоотой. Россагийн тэнгист загас агнуур эрхэлж байгаа гол орны нэг нь ОХУ юм. Оросууд клыкачийг ихээр олборлодог. Алганы төрлийн энэ загасын жин бараг 80 кг хүрдэг бөгөөд зах зээлд өндөр үнэтэй. 

ОХУ-ын Загас агнуурын холбооны агентлагийн мэдээгээр АНТКОМ-ын бүсэд Хабаровск мужийн загасны үйлдвэрүүд 2015 оны байдлаар 511 тонн клыкач олборлодог. Энэ нь 2014 онтой харьцуулахад 130 тонноор нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ оросууд олборлосон загасаа өөрийн зах зээлд бараг борлуулдаггүй голчлон АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятадын зах зээлд гаргадаг.

Нийт дүнгээр ОХУ гадаад орнуудын конвенцийн бүс ба дэлхийн задгай далай тэнгисээс 685,2 мянган тонн загас олборлож байна.

2015-2016 оны байдлаар Россагийн болон Амундсений тэнгист АНТКОМ-ын 14 орны агнуурын хөлөг онгоц загас олборлодог.

Антарктид хавиас олборлодог криль гэх нялцгай биетний агнуур бас анхаарал татдаг. Нэг кг нь зах зээлд 60 ам.доллар хүрдэг энэ хавчийн төрлийн жижиг биетэнг хүнсний үйлдвэрлэл болон амьтны тэжээл бэлтгэхэд өргөн ашиглагддаг. Антарктидийн криль нь мөхөж буй төрөлд хамаардаггүй.

Усны нөөц болон загас агнуурын бүс нутгийн төлөөх өрсөлдөөн дэлхийд ширүүсч байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд загасны нийт тоо өөрчлөгдөөгүй ч агнуурын хэмжээ нэмэгдэж байгаа. Тиймээс далайн нөөцийн төлөөх тэмцэл улс төрийн төвшний хэмжээнд очих болжээ.

Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад нэг талд зогсч, Россагийн тэнгист байгалийн дархан бүс байгуулснаараа оросуудын загас агнуурын гол бүсийг хаасан гэсэн үг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж