-Байргүй, машингүй эрхмүүдийг өрөвдөх, гоочлохоос илүүтэй мэдүүлгийн эдийн засгийн агуулгыг задлан шинжлэх цаг болжээ-
Төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ олон нийтэд мэдээлээд хоёр долоо хонож байна. Нийт 39853 албан тушаалтан мэдүүлгээ гаргаснаас төрийн улс төрийн албан тушаалтан 7515, төрийн тусгай албан тушаалтан 12047, төрийн захиргааны албан тушаалтан 12181, төрийн үйлчилгээний албан тушаалтан 4226 байна. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй гурван хүн байгаа аж.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувь 99,9 хувь. Ер нь мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувь өндөр байдаг. Тухайлбал, 2011 онд 99.79, 2012 онд 99.97, 2013 онд 99.99, 2014 онд 99.99 хувь байжээ. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийн хэвлэлд өгсөн мэдээллээр Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар 2015 оны мэдүүлгээ хуулинд заасан хугацаанд гаргаж өгөөгүй байна. 2007 онд батлагдсан Авлигын эсрэг хуулинд зааснаар албан тушаалтан заасан хугацаанд мэдүүлгээ ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна хэмээн заажээ.
Монгол улс Авлигын эсрэг хууль баталж, авлигатай тэмцэх бие даасан нэгж байгуулж, төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг олон нийтэд зарладаг болсон нь яах аргагүй дэвшил. Мөн 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг АТГ-т өгч байгаа нь төрийн албаны ил тод, цэвэр байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа.
Гэвч төрийн албан тушаалтнууд бараг 100 хувь ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгч байгаа ч амьдрал дээр авлига буурч байгаа юу гэвэл үгүй. АТГ-ын дарга Х.Энхжаргалын өнгөрсөн Баасан гаригт УИХ-д хийсэн мэдээллээр 2015 оны байдлаар Монгол улс авлигын индексээр дэлхийд 72-т жагсч байгаа аж. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын дарга Х.Энхжаргал гишүүдийн асуултад хариулсан юм. Энэхүү Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг аль 2008 онд боловсруулсан ч өнөөг болтол Монгол улс баталж чадахгүй өөр хоорондоо шидэлцсээр байгааг чуулганы хуралдаанд гишүүн Ш.Раднаасэд хэлсэн. Энэ удаад энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 онд өргөн барьсанаар УИХ хэлэлцэж байгаа юм.
2015 онд АТГ-аас хийсэн судалгаагаар авлигад өртөх хамгийн өндөр магадлалтай хэсэгт төрийн байгууллагуудаас Барилга, хот байгуулалтын яам 65.5, агентлагуудаас МХЕГ 67.3, аймаг орон нутгаас Баян-Өлгий аймаг 65.5 хувийн үзүүлэлттэй гарч байсан.
Монголчууд авлигатай тэмцэх чин эрмэлзэлтэй, төрийн байгууллагын зүгээс ч, иргэдийн зүгээс хүчин чармайлт тавьсаар байгаа ч энэ чиглэлийн хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох шаардлага байсаар байна. Тухайлбал, ашиг сонирхлын хуулийн хэрэгжилт бодит байдалд ямархуу байгаа талаар гишүүд зарим жишээ хэлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Албан тушаалд томилогдохын тулд арван давхар барилгатай компаниа долоо хоногийн дотор зараад хөрөнгөгүй болоод ороод ирдэг боллоо”, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “АТГ-аас авдаг лавлагааг боловсронгуй болгох шаардлага байна. Энэ хүн албан тушаал дээр томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй байна уу үгүй юу гэдэг дүгнэлт л гаргах ёстой болохоос биш энэ ажлын байран дээр тэнцэхгүй гэдэг юм гаргадаг. Төрийн албаны зөвлөлөөс шалгаруулалтад ороод тэнцсэн бол ашиг сонирхлын зөрчилтэй холбогдох дүгнэлт л гарах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үг 100 хувийн хамрагдалтай хөрөнгө, орлогын мэдүүлэг, бодит авлига хоёрын зөрөө юм. “Монголын авлигын гол асуудал улс төрийн авлига. Нам дотор мөнгө тараадаг. Сонгуулийн авлига бүр нарийн болсон. Картаар нь мөнгө өгч байна, тусгай цалинтай болсон. Заагдсан хаягийнх нь дагуу очиж авлигаа аваад саналаа өгч байна. Дээр нь төрийн албан тушаалыг зарж байна гэх мэтчлэн 60 тэрбумын бичлэг одоо болтол яг аль нь үнэн юм бэ гэдгийг тогтоогоогүй байна. Гүтгэсэн юм бол хэвлэлийн байгууллага нь хариуцлагаа хүлээдэг, эвлүүлэг байсан гэдгийг нь нотлох ёстой” хэмээн Л.Болд хэлсэн.
Энэ оны сонгуулийн өмнө цацагдсан төрийн албыг зарж 60 тэрбум намдаа босгох өнөөгийн эрх баригч намынхны бичлэг бол өнөөгийн Монголын авлигын үнэн төрх. Төрийн сайд, дэд сайд, төрийн нарийн, яамдын алба хэлтсийн дарга, агентлагийн дарга нарын ханш энэ намар тэнгэрт тулсан талаар ам дамжсан яриаг чихтэй хүн бүр л сонссон. 250 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх хэлбэлзэлтэй байсан Монгол төрийн том жижиг сэнтийнүүдийн мөнгөн дүн ирэх жилийн мэдүүлэгт хэрхэн буух нь сонин. Байргүй, машингүй эрхмүүдийг өрөвдөх, гоочлохоос илүүтэй мэдүүлгийн эдийн засгийн агуулгыг задлан шинжлэх цаг болжээ. Ашиг орлоготой компаниудын эздийн уялдаа холбоо, хэн хэнийхээ халаасанд хэр зэрэг гар дүрсэн, тэр жилдээ гарсан хуулиудын үйлчлэл улстөрч эзэнтэй компаниудын ашиг орлогод хэрхэн нөлөөлсөн зэрэг дүн шинжилгээ хийж байж авлигын үнэн төрхийг гаргаж ирнэ.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх
14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:
14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
14.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
14.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
14.1.4.Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
14.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
14.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
14.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
14.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
14.1.9.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
14.1.10.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
14.1.11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
14.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
14.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
14.1.14.Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
14.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
14.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;
14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;
14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга.
14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна.
14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана.
14.4.Иргэд бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөд тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална.
14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүр олон нийтэд мэдээлнэ.
Монгол Улсын төр, засаг авлигатай тэмцэх ажилд гар хумхин суусангүй. 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан.
2005 онд Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталсан нь авлигын эсрэг тэмцлийн хүсэл зоригийн томоохон илэрхийлэл болсон билээ. Авлигатай тэмцэх ажлын явц удаан, үр дүн муутай байгааг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн уур амьсгал нь Авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлах нөхцөл, шалтгаан болсон юм.
2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр. Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв.
Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Холбоотой мэдээ