Курилын арлууд: Японы тал гарц хайж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Курилын арлууд: Японы тал гарц хайж байна

ОХУ Япон хоёрын хооронд Курилын арлууд гэсэн шийдэгдээгүй сэдэв байдаг. Энэ асуудал тус хоёр улсын гадаад харилцаанд ихээхэн төвөг болсоор ирсэн. Аль аль нь энэ газар нутгийг өөрсдийн мэдлийнх гэж маргалддаг.

Япончууд Курилын арлуудыг өөрсдийн мэдэлд үлдээх нэг боломжийг судалж байгаа тухай дипломат эх сурвалжийн мэдээнд үндэслэн Киодо агентлаг мэдээлсэнийг оросын Russia Today эш татлаа. Японы цэргийн холбоотон АНУ-тай хийсэн Аюулгүй байдлын гэрээний үйлчлэх хүрээнээс эдгээр арлыг гаргах амлалтыг оросуудад өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Аюулгүй байдлын гэрээгээр АНУ-ын цэрэг Японы мэдлийн газар нутгийн хаана ч байрших боломжтой юм.

Энэ амлалт нь маргаантай асуудлын хэлэлцээнд ахиц гаргана гэж япончууд найдаж байна. Киодо агентлагийн эх сурвалжийн хэлснээр Шикотан, Хабомаи арлуудыг япончуудад өгч болох тухай 1955 оны Япон-Оросын хамтарсан мэдэгдлийг хүчинтэй хэвээр гэж оросууд зөвшөөрч байгаа ч энэ газар нутагт АНУ-ын цэрэг байршихаас болгоомжилж байгаа гэжээ.

Тиймээс эдгээр арлыг АНУ-тай байгуулсан гэрээний нөлөөнөөс гаргаснаар үүсэх үр дагаврыг япончууд судалж байгаа аж. Гэхдээ энэ талаар Вашингтон нааштай хариу өгөх магадлал бага юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж