Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

(Цуврал тайлбар өгүүлэл – 4)

Уг нь сүүлийн 4 дэх энэ өгүүллийг бичье гэсэн бодол байгаагүй юм. Гэтэл 1999 онд Монголд байдал ямар байсан, хүмүүсийн цалин хөлс ойролцоогоор хэдэн төгрөг байсан, зүй ёсны нийгмийн талаар хүмүүсийн бодол санаа ямар байв, түүнээс хойш өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөв, ер нь монголчууд бид социологийн судалгаанд хэр нээлттэй (эсвэл хаалттай) ард түмэн болох, олон түмэн хэр зөрчилтэй сэтгэдэг гээд олон сонирхолтой асуудал хөндөгдсөн тул тэр үед хийж байсан социологийн судалгааны үр дүнг нийтэлж буй хэрэг.  

Социологийн судалгааны анкетыг Улаанбаатар хот, Завхан, Дорноговь аймгуудад нийт 506 хүнээр бөглүүлсэн юм даг. Энэ судалгааны боловсруулалтыг ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн Социологийн секторын ажилтан агсан доктор О.Сарантуяа, тэр үед туслах ажилтан байсан Ж.Батжаргал нар SPSS-10 программаар хийж өгсөн болно.

Монголчууд социологийн судалгаанд хаалттай хүмүүс

Социологийн судалгааны анкет бөглүүлэх явцад ихээхэн сонирхолтой, сонирхолтой ч гэж дээ, инээдтэй үзэгдэл их ажиглагддаг юм билээ. Тэдний яг юу бодож буйг илрүүлэхэд их төвөгтэй. Их хартай ард түмэн тул “Яах гээд надаар ийм зүйл бөглүүлэх гээд байгаа юм бол, энэ нөхрийн жинхэнэ зорилго юу л бол, цаана нь хэн байгаа бол” гэх мэт бодолд хөтлөгдөөд ер нь, анкет бөглөхөөс зугтах хандлагатай.

За тэгээд зөвшөөрсөн хүмүүс анкет бөглөх үедээ бодоод суучихна. “Бодох юм юу ч байхгүй, мэдэхгүй бол мэдэхгүй гэсэн хэсгийг дугуйлчих. Энэ бол шалгалт шүүлэг биш, танд үнэлгээ өгөхгүй. Таны мэдлэгийг шалгаж байгаа юм биш, бодол санааг тань мэдэх гэж байгаа юм. Аль ч хариултыг сонгосон ялгаагүй, гол нь яг өөрийнхөөрөө хариултыг дугуйлчих” гэж хэчнээн хэлээд нэмэргүй. Харин ч “та аль хариултыг бөглөөсэй гэж хүсэж байна”, “миний бодол яах вэ, гол нь аль хариулт зөв юм бэ” гээд судалгааны үр дүн гуйвсан байдлаар гарах асуулт өмнөөс тавиад байдаг. Мөн энэ асуултыг чинь ойлгохгүй байна хэмээн тайлбар шаардана, хариулт өгөх чиг хандлагаа тодорхойлуулах гэж оролдоно.

Бас нэлээн болгоомжлонгуй, эмээж бэргэсэн хүмүүс ч тааралдаж байлаа. Их нэрэлхүү зантай нь анкетын төгсгөлд байдаг паспортын асуултыг бөглөх үед тод харагддаг юм билээ. “Би уг нь 10-р ангид сурч байсан л даа, гэхдээ өвчний улмаас завсардаад гэрчилгээгээ авч чадаагүй”, “би …р сургуульд багшилж байсан л даа, тэгсэн чинь … гэдэг ‘улаан туучий’ захирлаар ирэхдээ намайг халаад …-ийг миний оронд авчихсан” гээд баахан юм ярина.

Судалгаа явуулж буй хүн энэ бүх хүндрэл бэрхшээлийг тооцож, тухайн хүнээ тайвшруулан, чөлөөтэй байлгаж байж, анкетаа бодитой бөглүүлэх нь хамгийн хүнд ажил юм билээ. Олон газар очиж, олон хүнтэй уулзах нь яах вэ, ядаргаатай ч гэсэн хамгийн хүндрэлтэй бэрхшээл биш.


Судалгаанд хамрагдагсад юу гэж хариулж байв

Юуны түрүүнд энд өгсөн хариултууд бол 1999, 2000, 2001 оны үеийн хүн амын санаа бодол гэдгийг дахин сануулъя.

1.   Таны бодлоор аль нийгэм зүй ёсны-шударга нийгэм бэ? 

Одоогийн ардчилсан     34,4%

1990 оноос өмнөх социалист     25,5%

1921 оноос өмнөх феодлын        2,2%

Одоогийн Япон, АНУ-ынх шиг нийгэм    22,5%  

Мэдэхгүй       14,2% 

2.   Таны бодлоор нийгэм дэх баялгаас

Бүгд адил тэгш авч байх нь дээр     17,6%

Хэн илүү азтай нь авч байг        2,4%

Хэн илүү авьяастай, ухаалаг, хөдөлмөрч байна, тэр хүн аваг      70,4%

Төр-улс мэдээд хуваарилж байг      8,9%

Мэдэхгүй       0,8%

3.   Хүн нийгэмдээ хэр зэрэг зүйл өгч (татварын хэмжээ ямар) байх ёстой вэ?

Олсон ашгаа нийгэмд бүгдийг өгөөд, нийгэм (төр) дараа нь дахин хуваарилах ёстой   4,7%

Өөртөө ихэнхийг зориулаад, үлдсэнийг нь нийгэмд өгөх ёстой     68,0%

Ихэнхийг нийгэмд өгөөд, үлдсэнийг нь өөртөө авах ёстой     9,5%

Хувь хүн нийгэмд юу ч өгөх ёсгүй    5,9%

Мэдэхгүй      11,3%

4.   Боловсрол (сургуулиуд), эрүүл мэнд (эмнэлэг) гэх мэт салбарууд улсын төсвөөс санхүүждэг (улсаас мөнгө авдаг) талаар та юу бодож байна вэ?

Ингэх нь зөв, өөр арга байхгүй      54,2%

Буруу, эдгээр салбарууд хувьчлагдаж, өөрсдийн олсон ашгаар санхүүжих ёстой      18,0%

Өөр гурав дахь арга зам байгаа, түүнийг олох ёстой     21,9%

Мэдэхгүй    5,5%

5.   Та манай оронд явагдаж буй өмч хувьчлалын талаар ямар бодол санаатай байна вэ?

Зөв, шударга явагдаж байна     2,6%

Бага зэрэг будлиантай явагдаж байх шиг байна      33,0%

Ерөөсөө шударга бус явагдаж байна     59,7%

Мэдэхгүй    4,7%

6.   1990 оноос хойш таны амьдрал

Дээрдсэн     21,3%

Дордсон     30,6%

Хэвэндээ байгаа     4,4%

7.   Одоогийн манай нийгэмд буй муу, муухай зүйл, ядуурал, доройтол зэргийг та юутай холбоотой гэж үзэж байна вэ?

Бид ерөөсөө зүй бус нийгмийн замыг сонгожээ    2,8%

Төрийн эрх барьж буй хүмүүсийн үйл ажиллагаа буруу, бүтэлгүй байна    50,8%

Хүмүүст зах зээлийн нийгэмд амьдрах мэдлэг, чадвар, туршлага дутмаг байна     43,3%

Мэдэхгүй     1,8%

8.   Танд доорх хоёр зүйлийн нэгийг л сонгох шаардлага тулгарвал алиныг нь сонгох вэ?

Эрх чөлөө     44,3%

Тэгш эрх     54,0%

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг нас, хүйс, орлого, боловсрол зэргээр нь ангилбал,

Нас: 18-25  19,6%;     26-39   37,2%;      40-55   35,2%;       56-гаас дээш    7,7%

Хүйс:  эрэгтэй-49,0%;     эмэгтэй-49,4%

Боловсрол:  бага-5,7%;    дунд-44,1%;     дээд-49,2%

Ажилладаг салбар: улсын байгууллага-34,8%; хувийн хэвшил-28,1%; суралцдаг-11,7%;      тэтгэвэрт-9,7%; ажилгүй-14,4%

Таны сарын орлого:  орлогогүй-21,7%;     15000 төгрөг хүртэл-11,9%;     15001-25000 төгрөг-15,6%;      25001-50000 төгрөг-29,1%;      50001-100000 төгрөг-12,5%;  100001-150000 төгрөг-4,3%;    150000 төгрөгөөс дээш-3,2%


Судалгаанд хамрагдсан нийгмийн ийм статустай хүмүүс дээрх асуултуудад ингэж л хариулж байсан байдаг. Одоо эдгээр асуултаар санаа бодлыг нь сонсъё гэвэл тэс хөндлөн хариу гарч байж мэдэх л байх. Лебон, Фройд, Фромм зэрэг психо-аналитикч нарын хэлж байснаар “массын психологи хамгийн тогтворгүй, мартамтгай, ул суурьгүй” байдаг юм чинь.

Энэ нийтлэлд нийгмийн ямар бүлгийн, хэдэн настай, ямар ажил эрхэлдэг, орлого дээгүүр доогуур хүмүүс ямар асуултад юу гэж хариулсан гээд бүр нарийвчлан задалж, шинжилсэн үр дүнг тоочихоос түдгэлзэв. Ийм үр дүнг сонирхох аваас 2000 оны нэгдүгээр сарын 21-ний “Баасан” гаригийн Өнөөдөр сонинд нийтлэгдсэн “Монголын нийгэм хэр зүй ёсны шударга нийгэм бэ?” (Зүй ёсны онолын хүрээн дэх социологийн судалгаа) өгүүллийг минь харна уу! 

Төгсгөлд нь хэлэхэд

Нийтлэгчээс эцэст нь хэлэхэд, энэ хэдэн цуврал нийтлэлийн эхэнд тэмдэглэж байсанчлан Роулс болон коммунитари үзэлтнүүдийн зүй ёсны талаарх онол хэчнээн нарийн ээдрээтэй, логик учир жанцантай, агуулгын хувьд гүнзгий ч либертари үзэл үнэнд илүү ойр, илүү логиктой, илүү ойлгомжтой байдаг. Тэгэхээр “Роулс мундаг сэтгэгч, гэхдээ л либертари үзэл үнэнд илүү ойр юм байна” гэж хэлэхээс өөр арга алга.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

 


Цуврал тайлбар өгүүлэл – 1

Цуврал тайлбар өгүүлэл – 2

Цуврал тайлбар өгүүлэл – 3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж