www.news.mn сайт санхүүжилтыг нь шийдвэрлээгүйгээс ажил нь олон жил гацаж буй эмнэлгийн барилгуудаар цуврал сурвалжлага хүргэж байгаа билээ. Энэ удаад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ өргөтгөлийн барилгын асуудлаар сурвалжиллаа.
“Өргөтгөлийн барилга сансрын хөлөг шиг битүүмжлэлтэй”
Энэ өргөтгөлийн барилгын ажил 2007 оноос эхлэлтэй. Тухайн онд зураг төслийг гаргаж барилгын ажил эхэлсэн ч санхүүжилтын асуудлаас үүдэн 2014 оныг хүртэл саатсан.
2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүрээгүй гүйцэтгэлтэй тул эрүүгийн хэрэг үүсгэн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.
Уг нь тус өргөтгөлийн барилгыг дэлхийн стандартад нийцүүлсэн, нарийн тоног төхөөрөмжөөр тоноглож, Монголдоо байхгүй эмнэлэг байхаар төлөвлөжээ. Наад зах нь сансрын хөлөг шиг битүүмжлэлтэй, дөрвөн тасаг байх юм. Ашиглалтад орсны дараа шугаман хурдасгууртай шарлагын хоёр аппарат ч нэмж байрлуулахаар төлөвлөжээ. Гэвч санхүүжилтын асуудлаас үүдэн өнөөг хүртэл ашиглалтад ороогүй л байна.
“Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна”
Сүүлд тендэр зарлаж 2014 онд гүйцэтгэгчээр “Энигма” компани шалгарч ажлаа эхэлжээ. Энэ барилгад нийтдээ 19 тэрбум төгрөг шаардлагатай. Ингээд санхүүжилтээ авч, ажлаа явуулсан байна. Гэвч эхний ээлжийн санхүүжилтэд хийсэн шалгалтаар гүйцэтгэлээс нь илүү зардал гарсан хэмээн Үндэсний аудитын газраас акт тогтоожээ. Өөрөөр хэлбэл, 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүрээгүй гүйцэтгэлтэй тул эрүүгийн хэрэг үүсгэн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна. Одоогоор энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж байгаа гэх тайлбарыг албаны хүн өглөө.
Хэдий тийм ч одоогоор ажил нь зогсоогүй үргэлжилж байгаа аж. Албан бус мэдээллээр барилгын ажил 70 орчим хувьтай байна. Одоо барилга угсралтын ажил хийгээд дүүргэлтийн шатанд явж байгаа гэх мэдээллийг албаныхан өглөө.
Өнгөрсөн хугацаанд шаардлагатай 19 тэрбум төгрөгийн 30 хувь нь орж, барилгын ажлыг үргэлжлүүлжээ. Харин 2015, 2016 онд санхүүжилт нь гүйцэд өгөгдөөгүй гэв. Харин энэ онд 2.1 тэрбум төгрөгийг суулгажээ.
“Голын гольдрил дээр өргөтгөлийг барьжээ”
Уг нь төлөвлөгөө ёсоор бол энэ барилгыг 2015 онд ашиглалтад өгөх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар энэ онд ч дуусах төлөвгүй болжээ. Үүнд хэд хэдэн шалтгаантай. Мөн төрийн байгууллагынхны уялдаа холбоо, ажлын хариуцлагатай холбогдох аж. Барилга барих газарт Барилгын хөгжлийн төвөөс гидрогеологийн судалгаа хийж, барих боломжтой гэж дүгнэжээ. Гэтэл барилга барьж эхлэхэд их хэмжээний ус гарч, голын гольдрил болох нь мэдэгдсэн байна. ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан “Барилгын суурийн ажил эхлэхэд л дороос нь ус оргилж эхэлсэн. 2.3 метр хүрэхээр өндөртэй ус оргилж эхэлсэн. Ингээд ус тогтоох, суурийн нэмэлт ажил хийх зэргээр ажил нэмэгдсэнээр удаашрах шалтгаан болсон” хэмээн тайлбарлалаа.
Үүнээс гадна санхүүжилтын асуудал ч нэн тэргүүнд тулгарсаар байгаа аж. Өнгөрсөн хугацаанд шаардлагатай 19 тэрбум төгрөгийн 30 хувь нь орж, барилгын ажлыг үргэлжлүүлжээ. Харин 2015, 2016 онд санхүүжилт нь гүйцэд өгөгдөөгүй гэв. Харин энэ онд 2.1 тэрбум төгрөгийг суулгажээ. Ирэх оны төсөвт 700 сая төгрөг суулгахаар болсон байна. Ийнхүү төсөв нь дутуу орох, зарим жил зогссоноос ХӨСҮТ-ийн өргөтгөлийн барилга удаашрах үндэс болсон хэмээн албаныхан тайлбарлаж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ
Эмнэлгийн барилгын цуврал сурвалжлагуудыг доорх линкээс үзнэ үү.