“Охидод хөрөнгө оруул”

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

“Охидод хөрөнгө оруул”

-2030 онд дэлхий ертөнц маань ямар дүр төрхтэй байх нь бид бүгд өнөөдөр 10 настай охидыг хэрхэн дэмжиж, хөрөнгө оруулахаас шалтгаална гэдгийг НҮБ-ын Хүн амын сангийнхан дэлхий нийтэд анхаарууллаа-

“Ирээдүйд сайхан амьдрахын тулд 10 настай охидын эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд анхаарч, тэднийг сайн хүн болгохын тулд одооноос хөрөнгө оруул” гэж НҮБ-аас анхааруулсныг тус байгууллагын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара өнөөдөр /2016.11.01/ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагынханд дамжууллаа.

“Дэлхийн хүн амын байдал-2016” тайлангийн онцолсон сэдэв нь одоогийн 10 настай охид. Тэд дэлхий нийтийн ирээдүйн сайн сайхан амьдралын эхлэл болох юм гэдгийг НҮБ энэ удаа тодотгожээ. Энэ жил 10 нас хүрсэн охидын тоо дэлхийн хэмжээнд 125 сая ажээ. Тэдний 25 000 нь Монгол Улсын иргэд. Эдгээр охид 2030 он гэхэд 24 настай болно. Тэднийг эрүүл саруул өсгөн бойжуулж, сайн боловсрол, хүмүүжил олгож, ажилтай, орлоготой иргэн болгож гэмээнэ дэлхий нийтийн амьдралын чанар 2030 он гэхэд эрс дээшилнэ гэдгийг “Дэлхийн хүн амын байдал-2016” тайланд онцолсон байна.

Дээр өгүүлсэн 125 сая охидын 60 сая нь өсвөр насандаа хүний наймааны золиос болох, хүчээр гэрлэх, сургууль завсардах, хүүхэд төрүүлэх, зарцлагдах гэх мэт хүндрэл бэрхшээлтэй тулгардаг ажээ. Мэдээж монгол охидод ийм бэрхшээл харьцангуй бага. Гэвч өсвөр насны эхлэл болсон 10-хан насандаа ачаа үүрч, сэтгэлийн дарамтад орсон хүүхдүүд мэр сэр бий гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үгүйсгэсэнгүй. Статистикаас харахад өсвөр насны охидын жирэмслэлт огт буурахгүй байгаа бөгөөд 15-19 насны 1000 охидын 40,4 хувь нь хүүхэд наснаасаа гарч амжаагүй ээж болсон байх юм. Энэ тоог бүс нутгийн орнууд болон ижил төстэй орлоготой орнуудтай харьцуулахад Турк улсад 29,3 хувь, Малайзид 13,3 хувь бол Сингапурт ердөө дөрөвхөн хувьтай байдаг ажээ. Хүсээгүй жирэмслэлтийн улмаас жирэмсэлсэн охидын 14,1 хувь үр хөндүүлдэг байх юм.

Өдгөө манай улсад 25 000 мянган 10 настай охин хүүхэд байгаа бол 10-19 настай 225 787 охид байдаг ажээ. Тэдгээрийн 95 хувь нь бага сургуульд, 88 хувь нь дунд сургуулиа дүүргэжээ. Энэ бол монгол охид боловсролын төвшингөөрөө дээгүүр жагсаж буйн илрэл. Гэвч боловсролын чанарт анхаарах хэрэгтэйг хатагтай Наоми Китахара тодотгосон. Учир нь, эмэгтэйчүүдийн хувьд ажлын байраа хадгалах боломж эрчүүдийнхээс бага байдгийг тэрбээр анзаарчээ. Хэрэвзээ бусдаас илүү боловсрол, чадваргүй бол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд ажилдаа эргэн ороход бэрх гэдгийг тэрбээр хэлж байна. Тиймээс одоогийн 10 настай охидыг дэмжиж сайн боловсрол эзэмшүүлэх юм бол нэг охин хүүхэд 2015-2030 онд 18 470 ам.долларын орлого олох боломжтой бол боловсрол эзэмшээгүйд нь 8784 ам.долларын л орлого ногдоно гэдгийг тооцоолон гаргажээ.

Одоогийн байдлаар дэлхий дээрх 10 настай 10 охин тутмын ес нь хөгжиж буй орнуудад, таван охин тутмын нэг нь дорой буурай оронд амьдарч байна. Мөн таван охины нэг Энэтхэгт, найман охин тутмын нэг Хятадад амьдардаг ажээ. 5-14 насны охидын 10 хувь нь долоо хоногт 28-аас дээш цагийг гэрийн ажил хийхэд зарцуулж байгаа нь үе тэнгийн хөвгүүдийнхээс хоёр дахин их байгаа гэхчилэн охид тойрсон олон асуудал байгааг НҮБ энэ удаа онцлов. “2030 онд дэлхий ертөнц маань ямар дүр төрхтэй байх нь бид бүгд өнөөдөр 10 настай охидыг хэрхэн дэмжиж, хөрөнгө оруулахаас шалтгаална” гэдгийг Хүн амын сангийнхан дэлхий нийтэд мэдэгдлээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж