Молдав улсын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талын баримтлагч нэр дэвшигч санал хураалтын урьдчилсан дүнгээр ялалт байгуулж байгааг даваа гариг /2016.10.31/-т зарлав. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Молдав улсад өчигдөр ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт явагдсан байна.
Саналын хуудсын 95 хувийг тоолсны дараа Оросын талыг баримтлагч нэр дэвшигч Игорь Додон 49.2 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний гол өрсөлдөгч Европын холбоонд нэгдэхийг дэмжигч Маяа Санду 37.5 хувийн санал авсан бол бусад долоон нэр дэвшигч дөнгөж таван хувийн санал авчээ. Санал хураалтын ирц 48.97 хувь байсан аж.
Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ОХУ-тай худалдаагаа нэмэгдүүлэх эсвэл Европын холбоонд нэгдэх замыг сонгоход анхаарч байв. Нэр дэвшигч Игорь Додон хэлэхдээ “Бид экспортын гол зах зээл бөгөөд байгалийн хий нийлүүлэгч ОХУ-гүйгээр байж чадахгүй” хэмээсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт арваннэгдүгээр сарын 13-нд болох юм.
3.5 сая хүн амтай, хямралд өртсөн Молдав улсын ард түмэн сүүлийн жилүүдэд Европын холбоонд нэгдэхийг эрмэлзэгчид болон ОХУ-ын талыг баримтлагчид гэсэн хоёр бүлэгт талцаад байгаа аж. Тус улс нь Украин болон Румын гэсэн хоёр орны дунд оршдог юм.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА