Монгол адууны стандарт тодорхойлолтыг шинэчлэх нь зүйтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Монгол адууны стандарт тодорхойлолтыг шинэчлэх нь зүйтэй гэв

Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо амжилттай зохион байгуулсан гэж Засгийн газрын хуралдаанаас сайшаав. Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчгидөр /2011 оны долдугаар сарын 20-ны өдөр/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүхт ой давхацсан жилийн баяр наадмын  хүрээнд  ойн баярын хурал, “1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал” эрдэм шинжилгээний хурал хийж, “Хөгжил дэвшлийн эрин зуун” фото альбом, Их Монгол Улс байгуулсны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн сери марк гаргасан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дугаартай болгосноор өмнөх жилүүдэд гарч байсан тасалбар худалдан авсан хүмүүс наадмын нээлт үзэж чадахгүй байсан, тасалбар хуурамчаар хийсэн, тасалбаргүй хүн оруулсан зэрэг асуудлыг бүрэн шийдэж чаджээ.

Үндэсний бөхийн аварга 1, арслан 1, гарьд, заан тус бүр 2, харцага 4, начин 13 шинээр төрөн гарлаа. Засуулууд бөхчүүдээ талбай голлуулан барилдуулахгүй тохиолдол цөөнгүй гарсан нь барилдаан будлиантах үндэс болж байсан учир  дараа дараагийн наадмаар үүнийг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил анх удаа монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулсан,  унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсны дүнд хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Үндэсний сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 534 харваач оролцож шинээр улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан бол шагайн харваанд 50 багийн 400 шахам харваач цэц мэргээ сорьсон байна. Баяр наадмын үеэр наадамчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэхийн тулд 3460 албан хаагч ажиллажээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийтийн хоолны болон хүнсний бараа бүтээгдэхүүний 780 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ гарган ажиллуулсан байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд улс, нийслэлийн төсөв болон баяр наадмын орлогоос хэмээн нийт тэрбум 300 сая төсөвлөсний 432,3 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж муу учир 30-40 мянган хүний суудалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон цэнгэлдэх хүрээлэн барих газрыг сонгож, зураг төслийг боловсруулан, зардлын тооцоог гаргаж, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсныг Шадар сайд М.Энхболд дуулгалаа. Мөн хурдан морины уралдаан зохион байгуулах явцад гарсан зөрүүтэй ойлголтыг нэг мөр шийдэх үүднээс монгол адууны /хурдан морины/ стандарт тодорхойлолтыг дахин шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндэсний их баяр наадмыг 12 телевиз Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг болон сур шагайн талбайгаас улс орон даяар шууд дамжуулан хүргэлээ. Баяр наадмыг шуурхай мэдээлж, тухай бүр нь дэлхийн монголчуудад хүргэж байсан хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон Мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд талархал илэрхийллээ.      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж