Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

76:1

 “News” агентлаг шинэ парламентын гишүүдийг “76:1” булангаараа нэрсийн дарааллаар танилцуулж байна. Тэдний хэн нь хэн бэ?


Шинэ парламентад анх удаа сонгогдсон 41 гишүүн бий. Тэдний нэг бол Н.Амарзаяа.  Өөрөөр хэлбэл, МАН-ын “памбарс”-тай гишүүдийн нэг. Түүнийг “битүү морь” ч гэж хэлж болохоор. Аймгийнхаа Засаг дарга Д.Бадраатай өрсөлдөж, парламентад анх удаа суух мандатыг өмнөговьчуудаас авсан.  Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход намынхных нь нүд орой дээрээ гарах шахсан гэх яриа ч байдаг.  Ингээд Н.Амарзаяаг хэн бэ, ямар боловсролтой, ямар хүн бэ гэдгийг хамтдаа сонирхоё. Шинэхэн гишүүн маань Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Тэнд 10 жилээ дүүргэсэн байдаг.


ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН БЭ?

  • 1998 онд МУИС, физикийн багш.
  • 2004 онд “Засагт хан” дээд сургууль, нягтлан бодогч.
  • 2006 онд  Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер

ХААНА АЖИЛЛАЖ БАЙВ?

  • Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1, 3-р сургуульд физик, математикийн багш,
  • 2002-2004 онд аймгийн татварын хэлтэст улсын байцаагч, нягтлан бодогч,
  • 2008 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын СЭЗБЗХ-ийн дарга,
  • 2009-2012 онд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн бие төлөөлөгч,
  • 2013-2015 онд “Сод Монгол групп” ХХК-ийн Өмнөговь дахь салбарын дарга,
  • 2015-2016 онд “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирал.

Өөрийнх нь тодорхойлсноор хар багаасаа л нийгмийн идэвхтэй, сургуулиасаа зохиогдсон урлаг спортын арга хэмжээнд идэвхийлэн оролцдог охин байжээ. Түүний багын мөрөөдөл нь дуучин болох явдал. Мөрөөдлөө гүйцээхээр дуучин Т.Батсайхантай хамт 1994 онд төрсөн сумандаа хамтарсан тоглолт хийж явжээ. Гэвч, их сургуулиа төгссөний дараа түүний үзэл бодол өөрчлөгдөж, урлагийн хүн болохоос илүү улстөрч болохоор зориг шулуудсан гэдэг.

Тиймдээ ч МУИС-ийг төгссөнийхөө дараа намынхаа залуучуудын байгууллагад элсэн орж улмаар Өмнөговь аймгийн МАН-ын  хорооны дарга болтлоо дэвшсэн гэнэ. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүн гэсэн тодорхойлолт түүнийг намд нь дагалдаж явдаг.

Тэр утгаараа ч УИХ-д түүний нэрийг дэвшүүлэхэд Х.Бадамсүрэнгийн оролцоо багагүй байсан гэж хүмүүс ярилцдаг. Нөгөө талаар МАН-аас  түүнийг “ногоон гэрэл”-ээр  УИХ-д нэр дэвшүүлсэн нь тодорхой шалтгаантай. УИХ-д нэр дэвших мандат олох гэж МАН-ынхан “алаан” болж байсан атлаа яагаад Н.Амарзаяад ийм том боломж олгосныг намынхан нь ч, нутгийнхан нь ч янз бүрээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Өмнөговийн Засаг дарга Д.Бадраатай өрсөлдөх аавын хүү МАН-д олдоогүй учраас арга буюу “аманд” өгсөн ч “аваргыг давж аварга” болсон, азтай эмэгтэй гэсэн “өргөмжлөл” хүртээд буй.   Ямар сайндаа л Э.Бат-Үүл "МАН-аас бор халзан хонь дэвшсэн ч сонгогдох сонгууль боллоо" гэж шогширч байх билээ. Түүнийг УИХ сонгогдсоны дараа Өмнөговийнхон нэг хэсэгтээ л “шок”-той байсан гэдэг. Намын дарга нар нь хүртэл Н.Амарзаяаг ялалт байгуулна гэж  тооцоогүй байсан, ямар сайндаа л ийм сонгууль болохыг мэдсэн бол Өмнөговьд “үздэг” байж гэсэн хүмүүс МАН-д цөөнгүй байсан аж.  Н.Амарзаяагийн хувьд аз, одоор УИХ-д  сонгогдсон гэж хэлүүлэх дургүй. Аймагтаа аль хэдийнэ танигдсан улстөрч гэж өөрийгөө тодорхойлдог.  Гэвч, тэр ямар улстөрч болох нь одоогоор танигдаагүй, улстөрийн “памбарс”-тай "нялх" гишүүний тоонд багтаж байгаа.

Гэхдээ дөрвөн жилийн дотор З.Баянсэлэнгэ шиг тодроод тормойгоод гараад ирэх үү, аль эсвэл хэлгүй, чимээгүй улстөрчийн тоонд орох уу гэдгийг цаг хугацаа харуулна биз дээ. Учир нь дөрвөн жилд улс төрд бүү хэл тойрогтоо танигдаагүй буцсан олон эксүүд бий билээ.

2016 он.

2016 он

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж