“Халуун тогоо”-ны 70 хүүхэд эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

“Халуун тогоо”-ны 70 хүүхэд эмчлүүлж байна

-Он гарсаар гал түймрийн улмаас долоон хүүхэд түлэгдэж, дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай мэдээг Онцгой байдлын албаныхан өгөв. Харин онцгой байдлын албаныхан шуурхай ажилласны дүнд галд өртөж болзошгүй 27 хүүхдийг эсэн мэнд аварч чаджээ-

“Халуун тогоонд түлэгдсэн, халуун цайнд орсон, буцалсан усанд түлэгдсэн” гэх үгс Цагдаагийн ерөнхий газрын хоногийн мэдээнд өдөр бүр зурайна. Сүүлийн гурван сард л гэхэд бага насны хүүхэд тогоотой хоол, буцалсан усанд түлэгдэх нь буурахгүй байгааг ч цагдаагийн байгууллагынхан мэдээлж байна. Үүнээс үүдэн Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт “Халуун тогооны хүүхдүүд” гэх хэллэг бий болжээ.

Түлэгдсэн даруйд нь яаралтай холдуулж, амь бүлээн усаар шавшиж анхны тусламж үзүүлэх нь хамгийн чухал. Гэтэл тав, зургаахан настай хүүхэд юугаа мэдэх билээ. Түлэгдсэн дүүгээ уснаас нь гаргаж чадахгүй аав, ээжийгээ иртэл суулгасан тохиолдол ч бий

Нийслэлийн Онцгой байдлын газарт ч ахуйн гал түймрийн улмаас бага насны хүүхэд түлэгдсэн дуудлага их байгааг дуулгав. Он гарсаар гал түймрийн улмаас долоон хүүхэд түлэгдэж, дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай мэдээг Онцгой байдлын албаныхан өгөв. Харин онцгой байдлын албаныхан шуурхай ажилласны дүнд галд өртөж болзошгүй 27 хүүхдийг эсэн мэнд аварч чаджээ.

Тэгвэл түлэгдэж, шархалсан хүүхдийг хүлээн авдаг нийслэлийн цорын ганц эмнэлэг Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийг зорив. “Зургаан настай охиноороо хоёр настай дүүг нь харуулахаас аргагүйд хүрсэн. Охины маань хэлснээр нэг орилох дуунаар харвал дүү нь савтай халуун усанд орчихсон байсан гээд л ээжүүд ороод ирдэг” хэмээн Гэмтлийн эмнэлгийн эмч Т.Бат-Эрдэнэ ч угтав. Ганцхан өдөр л гэхэд Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт 20 гаруй хүүхэд ирэх нь хэвийн үзэгдэл болжээ. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад түлэгдэж ирэх хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Одоогоор тус тасагт түлэгдэлтийн нэгдүгээр зэрэгтэй, хүндэрсэн 70 өвчтөн хэвтжээ. Тэдний талаас илүү хувь нь  гурав хүртэлх насныхан юм байна. Ер нь өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь гурав хүртэлх насны хүүхэд байдаг хэмээн эмч нар ярив.

Гол нь эцэг эхчүүд хоёр настай хүүхдээ тав, зургаан настай ах, эгчээр нь харуулж гэртээ орхисноос үүдэж буйг учирлав. Т.Бат-Эрдэнэ эмч “Түлэгдсэн даруйд нь яаралтай холдуулж, амь бүлээн усаар шавшиж анхны тусламж үзүүлэх нь хамгийн чухал. Гэтэл тав, зургаахан настай хүүхэд юугаа мэдэх билээ. Түлэгдсэн дүүгээ уснаас нь гаргаж чадахгүй аав, ээжийгээ иртэл суулгасан тохиолдол ч бий” гэлээ.

Одоогоор түлэгдэлтийн өндөр зэрэгтэй, гүнзгий шархалсан, хавсарсан дотрын өвчтэй гээд найман хүүхэд тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Энд аягатай цай татаж асгаад биеийнхээ 40 хувийг түлсэн нярай ч бий. Нярай хүүхдийн арьс нимгэн, булбарай, бие нь жижигхэн байдгаас аяга цай асгасан ч хүндээр өвчилдөг гэдгийг эмч нар, эцэг, эхчүүдэд хатуу сануулахыг хүсэв. Энд ирсэн хүүхдүүд халуун цай, халуун ус, тогоотой хоолонд, буцалсан усанд түлэгдсэн, залгуур татсан гэх хэдхэн шалтгаанаар л түлэгджээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, нярай хүүхдийг заавал том хүнээр харуулах, эсвэл хөлд оруулагч хашлаганд байлгах, уях зэрэг арга хэрэглэхийг эмч нар дахин санууллаа.

Тус эмнэлгийн хувьд 80 ортой. Энэ нь өдөрт л 20 хүн түлэгдэж ирж буйтай харьцуулахад хаанаа ч хүрдэггүйг илтгэх аж. Тиймээс түлэгдэлтийн өндөр зэрэгтэй, хүнд өвчтөнийг л хэвтүүлэн эмчилж байна. Гэвч түлэгдэлтийг доод тал нь долоо хоног, цаашлаад гурван сарын хугацаанд эмчлэх шаардлагатай учир дараа дараагийн өвчтөнүүдэд орны хүрэлцээ, эмчилгээ үйлчилгээний хүртээмж хүрэхгүй хэвээр л байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж