Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжигтэй үзэгчид удахгүй уулзана.
Энэ онд тохиож буй Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн хоёр их ойг тохиолдуулан эл жүжгийг тайзнаа тавихаар уран бүтээлчид хамтарчээ.
Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүний зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээж өгснийг “Жаргаагүй нар” жүжигт харуулахыг зорьсон байна.
Зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин /СТА/ ажиллаж, Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламын дүрд жүжигчин Н.Баярмаа сонгогдон тогложээ.
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн шинэ жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 04-нд 19.00 цагаас УДЭТ-т болно. Харин тасалбарыг маргаашнаас эхлэн худалдаанд гаргах ба зэрэглэлээсээ хамаарч 10, 15, 20, 25, 50 мянган төгрөгийн үнэтэй.
Үзвэрийн хуваарь:
- Арваннэгдүгээр сарын 5, 6-нд 18:00 цагаас.
- Арваннэгдүгээр сарын 7, 8, 9, 10, 14, 15, 16, 17-нд 19:00 цагаас тус тус тоглоно.
Б.ЭНХ