Хурган дотортой дээлтэй, хөлс нь бурзайсан Ардын их хурлын малчин төлөөлөгч мандатаа өргөн саналаа өгч байгаа дүр зургийг баримтат киноноос бид бишгүй үздэг. Өнгөрсөн нийгмийн санал хураалт тэгж л болдог байж. Танхим дүүрэн төлөөлөгчид ярайтал мандатаа өргөөд байгаа нь бүгд ижил санал, бодолтой гэхээсээ илүүтэй саналыг ил хурааж буйгаас тэр юм. Хэрэвзээ эсрэг санал өгвөл тэр нь өөрийг нь хавчин шахаж, улмаар нам төрийн эсрэг үзэлтэн, хэрэгтэн болгох нигууртай. Харин ардчилсан нийгмийн ололт нь хэнийг сонгохоо хэнд ч мэдэгдэлгүйгээр өгөхөд оршино. Ямар нэгэн нөлөөлөл оруулахгүй гэж тэр.
Нөгөөтэйгүүр сонгууль нь тухайн ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, халдашгүй дархан эрхийг баталгаажуулан ардчилсан нийгмийн эх үндэс нь. Ард иргэд өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан төр барьж буйн баталгаа гэсэн үг.
Тэрхүү ардчилсан сонгуулийн амин сүнс нь сонгогчийн санал, саналын нууцлалд оршдог. Үүнтэй Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ажиглагчаар оролцсон, хуульч Н.Ариунболд бүрэн дүүрэн санал нэгдэн “Сонгогчийн саналын нууцлал үгүй болбол энэ нь ардчиллын амин сүнсийг үгүй хийхтэй ижил агуулгатай” гэж нэмж хэлэв.
“Монгол Улсын Үндсэн хуулиар ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн жишгийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах хэмээн тогтоож, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан” гэдгийг тэр онцлов. Түүнийг ажиглагчаар ажиллаж байхад тэрхүү тунхаглалаас гажсан олон зүйл ажиглагджээ.
Түүний үзэж буйгаар,
-“Энэхүү иргэний заяагдвал эрхийг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 21-р зүйлд “Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно.”,
-“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт (165 улс нэгдэн орсон)-ын 25 дугаар зүйлд “Иргэн бүр аливаа алагчлалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараах эрх, боломжийг эдэлнэ: Үүнд:…сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” гэж тус тус заан баталгаажуулсныг зөрчөөд буй аж.
Ардчилсан сонгуулийн үндсэн зарчим болох сонгогчийн санал “нууц” байх гэдэг нь сонгогч тусгайлан бэлдсэн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэх, ийнхүү санал тэмдэглэсэн хуудсаа саналын хайрцагт хийх хүртэл нь саналын нууцлалыг нь хамгаалах, ийм боломжоор хангагдсан байхыг ойлгодог аж.
Гэтэл үүнийг илтэд зөрчиж буйн нийтлэг жишээг тэрээр ажиглалт хийх явцдаа дүрс бичлэгт буулган, түүнийг ойлгомжтой байдлаар товчлон авчээ.
Иймээс л сонгуульд оролцож буй намууд сонгуулийн дүн гарахаас өмнө “Манайх тэдэн хувьтай явна” гэх юм уу эсвэл хэрхэн дүн гарахыг ихээхэн ултай суурьтай яриад байдаг. Сонгуулийн дүн гарахад тэрхүү таамаглал нь бодит биеллээ олж бүр гайхшируулдаг нь тэд нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийгээд гаршчихсандаа биш үйл явцыг хянаад байдагтаа байгаа аж. Техник хөгжсөн энэ үед ажиглагч нар нь сонгуулийн хэсгийн хороонд болж буйг шууд дамжуулан үзүүлэх боломж гар утаснаас эхлээд бишгүй бий. Өөрөөр хэлбэл, техникийн хүчээр хэн хэнд санал өгч байгааг хянаж болоод байна гэсэн үг. Харин тэрийг нь СЕХ-ны зохион байгуулалт хангаад байгаа хэрэг.
Ялангуяа хөдөө, орон нутагт гэрт санал авдаг нь намын ажиглагчид, хэсгийн хорооныхон сонгууль өгч байгаа иргэний саналыг хянах боломжийг бүрдүүлдэг. Шууд нөлөөлөх муу талтай гэсэн үг. Суурин газарт сургуулийн спорт зааланд зохион байгуулж, том орон зайнд сонгууль явуулдаг ч бас л нууцлал нь нүднээ ил. Тэгэхээр хянах боломж байна гэсэн үг.
Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан сонгогчийн санал нууц байх ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг хууль батлагчид Сонгуулийн тухай хуулийн 4.5-д “Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна” хэмээн тогтоосон ч үүнийг хэрэгжүүлэх ёстой СЕХ нь хэрэгжүүлсэнгүй. Улс төрийн хүчнүүдийн хувьд үүнийг хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой учраас шаардсангүй.
Ингээд засгийн эрх барих ард түмний бүрэн эрх, иргэний шударга сонголт 2016 оны ээлжит сонгуулиудаар “будаа” боллоо. СЕХ нь сонгуулийг нээлттэй байхаар зохион байгуулснаар ардчилсан тодотголтой сонгуулийн амин сүнсийг үгүй хийх нь тэр.
Сонгогчийн саналыг сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуулийн байгууллагын ажилтнууд хажуугаас мэдэх, хянах, бүртгэх нөхцөлийг СЕХ бүрдүүлж ажиллаж байхад шударга сонгуулийн талаар ярих ямар ч үр дүнгүй. Энэ нь хуучны тоталитари дэглэмээс ахуй нөхцөл нь өөр боловч агуулга хэлбэр нь адил санж.
Үүнийг “Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, дэлхийн нийтийн наад захын хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцээгүй үйлдэл болж Монгол Улсад сонгуулийн луйврын систем хөгжих үндсийг тавилаа” гэж хуульч Н.Ариунболд товчхон дүгнэлээ.
Ардчилсан нам эрх барихаас өмнө, МАН-ын мандаж явсан үед сонгуулиар хэнд санал өгснөөс нь хамаарч нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх үү, үгүй юу гэдгийг хорооны Засаг дарга шийддэг байсан. Харин одоо бүр дүрстэй, зурагтай, хувиршгүй хурууны хээгээр нь баримтжуулж байгаад сонголттой нь хариуцлага тооцох цөвүүн цаг ирэв бололтой. Үнэмлэхүй олонх болсон МАН-д саналаа өгсөн гэж л найдаж суухаас даа.
Л.НАРАНТӨГС