Ч.Сайханбилэг: “Эрдэнэт”-ийг яаралтай шийдэх шаардлага байсан

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: “Эрдэнэт”-ийг яаралтай шийдэх шаардлага байсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ.


Ажлын хэсгийн дүгнэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Уг дүгнэлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компанид шилжүүлж авах шатанд Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцитой холбогдох 7 зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй гэж үзжээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын гэрээг цуцлах эрх нь Засгийн газарт байдаг ч шинээр гэрээ байгуулахад УИХ-тай зөвшилцөхөөр заасан байдаг. Гэтэл УИХ-аар хэлэлцүүлээгүй, Засгийн газар дангаараа шийдсэн нь хууль зөрчсөн. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн 49 хувиас Засгийн газар татгалзсан нь холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлсэн тал байж болзошгүй тул Авлигатай тэмцэх газраар шалгуулж, тогтоолгох нь зөв хэмээн үзэж Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ асуудлаар тус газар хандсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан. Яагаад энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэнгүй вэ гэсэн асуултыг тавьж байлаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээрх бүх хүмүүсийн асуултад дараах хариултыг өглөө.

-Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш илэрхийлэх боломж байхгүй байсан, нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас.

Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай байсан. Сонгуулийн үе байсан, дараа нь шинэ УИХ байгуулагдсан, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан. Өнгөрсөн ням гаригт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улстөрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж харж байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв явна гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Цэцээр ярина биз.

Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар төмөр замын асуудал яригдаж Орсын тал өөрийнхөө хувийг аваач гэхэд Монгол авч явж чадахгүй гээд аваагүй байдаг.

“Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан.

Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийг болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа.

Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу гэлээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээс ээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх.  УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад Худалдаа хөгжлийн банкныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм уу. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ.  Энэ асуудлаар  хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ. Засгийн газрын хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны хоёр албан тушаалтан оролцсон байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ. Засгийн газрын хуралдаанд  хуульчид оролцсон гэж яриад байна.  Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа хоёр ч удаагийн хуралдааны үеэр илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын н.Орхон, Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн  энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн.  ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ. ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ -руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан.  ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведвийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд  “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. Мөн “Ростех”-оос  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах тухай албан бичиг ирсэн. “Ростех” ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Орос-тех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал   цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд  дэмжсэн.  Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон.  Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх дебдент энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.  Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр  100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэн дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.  

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайрцагт ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд  Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ. Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ.  Төрд үнэнийг хэл. Танай Засгийн газрын сайд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар нууцаар хэлэлцсэн нэг сонин юм хийчихлээ гэсэн,  Д.Зоригт чинь “Би мэдээгүй, хөдөө явахад шийдсэн” гэдэг хачин зүйл гаргалаа гээд яриад байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гүйцэтгэх засаглал дээр олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй.  Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага.  ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Ростех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна,  Шинэ УИХ байгуулагдахыг  хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банкны  гүйцэтгэх захирал, Ти Ди Би капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ?

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж  ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Захиалагчийн хувьд “Монголын зэс” компани манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, Худалдаа хөгжлийн банк  ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан бэ гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал.

Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав. Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцөлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцөлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно.Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцөлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан гэсэн хариулт өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж