Ойн хортон шавьж нэмэгдэх хандлагатай байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Ойн хортон шавьж нэмэгдэх хандлагатай байна гэв

Байгаль,
цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаалан ойн санд хортон шавьж эрс
ихсэх нь ойн түймэр, хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй
болгож сүйтгэдэг. Хортон шавьжтай тэмцэх ажил байгаль хамгаалалд нэлээд
чухалд тооцогддог. Иймээс Засгийн газраас өнгөрсөн оныг “Ойн
менежментийг сайжруулах жил” болгон зарлаж, ойн хортон шавьж устгахад
зориулж улсын төсвөөс 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж, нийт ойн 80
гаруй хувьд хортон шавьж устгалыг хийж гүйцэтгэсэн. Харин энэ оны
тухайд ойн шавьж устгалын ажлын явц ямар төвшинд байгаа талаар Байгаль
орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Ойн газрын мэргэжилтэн
Б.Ганзоригоос тодрууллаа.

-Энэ онд ойн хортон шавьж устгахад хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Улсын
хэмжээнд өнгөрсөн оных шиг ойн хортон шавьж усгахад зориулж улсын
төсвөөс их хэмжээний хөрөнгө төсөвлөгдөөгүй. Энэ онд 122.8 га талбайд
1.3 тэрбум төгрөгийн хортон шавьж устгах ажил хийх төлөвлөгөөтэй ажиллаж
байна.

-Хортон шавьж устгал өнөөдрийн байдлаар хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ?

-Ер
нь бол аймгуудаас захиалга их ирдэг ч төсөв хөрөнгө хүрэлцэх муутай
байгаа. Энэ сарын нэгнээс эхэлсэн устгалын ажил ерөнхийдөө 40 хувийн
гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймагт энэ
онд хийх шавьж устгалын ажил ерөнхийдөө бүрэн дууссан гэж хэлж болно.
Дээрх орон нутагт гар аргаар устгал хийсэн. Үлдэж буй Булган,
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт хийх устгалын ажил нь хөвч тайга
учраас онгоцоор хийх шаардлагатай байгаа боловч түлш шатахууны
хомсдлоос шалтгаалаад тодорхой хугацаагаа хойшлоод байгаа.

-Ойн санд санд шавьж устгал хийх үед гол хүндрэл юу вэ?

-Хүндрэлтэй
гэхээс илүүтэй судлах шаардлагатай ажил нэмэгдэж байгаа. Сүүлийн
жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотой ч юмуу шинэ төрлийн шавьж
олноор бий болж байна. Түүнийг судлах, цаашид хэрхэн устгах тал дээр
давхар судалгаа хийж байна. Нийтдээ 86 га талбайд ирэх долоо хоногоос
эхлэн агаараар химийн аргаар хор цацах ажлын гүйцэтгэгчээр ойн
мэргэжлийн байгууллага болох “Гранд форест”, агаарын тээврийн “Моннис”
компани ажиллах юм.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж