“Аида” дуурь амралтын өдрүүдэд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

“Аида” дуурь амралтын өдрүүдэд эгшиглэнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 29, 30-нд Ж.Вердийн “Аида” дуурь эгшиглэнэ. Алдарт хөгжмийн зохиолч Ж.Верди дөрвөн бүлэгт “Аида” дууриа Египетийн Хаан Исмаил Пашагийн хүсэлтээр хааны дуурийн театрын нээлтэнд зориулан бичжээ. Дуурийн хамгийн анхны тоглолт 1871 оны арванхоёрдугаар сарын 24 -нд Египетэд, Европын нээлт 1872 оны хоёрдугаар сарын 8-нд Миланы Ла Скала театрт тогложээ.

Харин манай театрын тайзнаа “Аида” дуурийг 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд анх тавьсан бөгөөд ОХУ-ын Гавьяат жүжигчин А.П.Чепурной найруулж, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажилласан байна. Энэ жилийн тоглолтын 54 дэх улиралд 15, 16 дахь удаагаа тоглох нь ээ.

Жилийн дараа ашиглалтад орох Суэцийн сувгийн нээлтэд зориулж египтийн түүхэн сэдвээр дуурь бичиж өгөхийг суут хөгжмийн зохиолч Ж.Вердигээс 1868 онд Египетийн засаг хүсэв. Гэвч Верди бүтэн хоёр жилийн дараа буюу 1870 онд 150,000 франк буюу өнөөдрийн ханшаар 200,000 ам.долларын үнээр бичиж өгөхөөр зөвшөөрчээ.

Ингээд Верди францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттийн хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж