“Итгэл” кино багийнхан Америкаас “Live” хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

“Итгэл” кино багийнхан Америкаас “Live” хийлээ

Яг одоо АНУ-ын Лос-Анжелес Холливудад “Asian World Film Festival” буюу “Азийн шилдэг кино наадам” эхэллээ. Тэгвэл энэхүү кино наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байгаа “Итгэл” кино багийнхан Америкт болж буй Азийн кино бүтээгчдийн халуун цэг болсон улаан хивсний ёслол дээрээс “Live” хийж кино наадмын талаарх шинэхэн мэдээ мэдээллийг хүргэсээр байна.

Тодруулбал, Азийн шилдэг киночид өрсөлдөж буй энэхүү наадмын хүндэт гишүүнээр “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн ажилладаг аж. Тэр ч утгаараа “Азийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм. Тус наадамд Ази тивийн 40 гаруй орны кино уран бүтээлчид 50 киног долоон номинацид сойгоод байгаа бөгөөд эдгээр бүтээлүүд дунд тухайн оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх эрхээ авсан бүтээлүүд багтаж буйгаараа онцлог юм байна.

Кино бүтээгчдийг хооронд нь танилцуулах цаашдаа хамтран ажиллах боломжийг нээх төдийгүй Азийн кино уран бүтээлчийг Холливудад танигдах боломжийг нээдэг уг наадамд өнгөрсөн жил “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн бол энэ жил Монгол улсаас “Итгэл”, “Ээж” уран сайхны кинонууд оролцож байна.

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Итгэл” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан. Харин гол дүрд “Холливуд”-д Монгол жүжигчдэд жим гаргасан жүжигчин Б.Амарсайхан “Guys” хамтлагийн М.Мягмар, жүжигчин Ц.Төмөрхуяг нар тоглосон юм. Дэлгэцэд гарсан цагаасаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч буй “Итгэл” кино Азийн дэлхийн шилдэг кино наадамд ийнхүү өрсөлдөх гэж байна.

Сонирхуулахад, энэ сарын 27-нд Лос-Анжелесын Culver хотын “ArcLight” кино театрт "Итгэл” кино үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж