Улаанбаатарын бүх Соёлын төвийг эзэгнэсэн Монголын хошин урлаг уйтгартай, ахуйн шинжтэй, уламжлалт тойргоосоо гаралгүй удлаа. Гаръя гэсэн бодол нийгмийн нэг үе өнгөрч байж төрж магадгүй. Одоохондоо бол үгүй бололтой.
“Шинэ үе”-ээс “Х-Түц”, “Х-Түц”-ээс “Эмоци”, “Өнгөт инээд”-ээс “Мөрөөдлийн театр” үүсч, олон студи, тэр тооны тайз, тоглолт нэмэгдсэнийг хөгжил, өөрчлөлт гэвэл ташаа ойлголт.
Ээжтэйгээ өтлөх сайхан, эр нөхрөө хуурах муухай, хардалт бол хосуудын харьцааг илэрхийлэх топ сэдэв, хээгүй гүдэсхэн хөдөөгийн амьдрал зэргийг мөнхийн номер гэж үздэг энэ хандлага, сэдэв өөрчлөгдөөгүй цагт Хүрлээ, Ундармаа хоёр “Х-ТҮЦ”-д, Отгоо, Сөрөлт нар “Эмоци”-д очлоо гээд, Аглуу, Бооёо нар нэг тайзан дээр гарлаа гээд ядаж л үзэгчдийн тоо нэмэгдэхгүй.
Нээлтийн, хаалтын, намар цагийн, өвөл цагийн гэсэн адилхан зартай, ижилхэн сэдэвтэй шоу тоглолтууддаа салхи оруулж, та бүхнийг тасралтгүй үзэж ирсэн, басхүү чамгүй орлого оруулж өгсөн үзэгчдээ хүндлэхийг хүсмээр байна. Сошиал, олон нийтийн сүлжээнд улиг болсон сэдвээр даажигнадаг хөнгөн наргиа, эмээ өвөө, ээж аавын дүрээр нулимс унагахыг “шаарддаг” ядмагхан үзүүлбэр, хиймэл үс, нарны шилний ард нуугдсан тааруухан элэглэл, бүгдээрээ дуулж, бүгдээрээ бүжиглэдэг уламжлалт тавилтаас ямар ч үнэнч үзэгч уйдах хугацаа өдийд хэдийнэ өнгөрсөн байх.
Хамгийн авьяаслаг жүжигчидтэй мөртлөө хамгийн их өөлүүлдэг салбар хошин урлагийнхан байж магадгүй. Кино театруудад тавигдаж байгаа шинэ бүтээлийн дийлэнхид нь хошин шогийн хэн нэгэн жүжигчин тоглосон байдаг. Нэг жилд тавигдаж байгаа кинонуудын тодорхой, бүр нилээд хувийг нь хошин урлагийн студи, продакшнууд бие дааж бүтээсэн нь харагддаг. Телевизийн зар сурталчилгаанд хамгийн түрүүнд сонгогддог дүрүүд бас л хошин шогийнхон. Зайрмаг, бялуу, пицца, хувцас, электрон бараа, брэндийн дэлгүүр, юу л бол юуг зарж борлуулж, олны сонирхлыг татах үүргийг хошин урлагийн жүжигчид үүрч байна. Ингээд харахаар “хошин урлаггүй” салбар Монголд бараг үгүй ч юм шиг. Гэтэл эргээд харахаар хоолоо олж идэж байгаа та бүхний гал тогоо аягаа угаадаггүй, арчиж зүлгэдэггүй, олон замбараагүй хүүхэдтэй айл шиг болсон байгааг зөвөөр харахыг хичээгээрэй.
Хошин урлагийг үнэ цэнэтэй болгож, түүнд оршдог олон үүргийнх нь дагуу түгээх бол чухал. Түүнээс биш амьдралаас хол, үнэнд ойр бус хошигнол хэчнээн инээдтэй байгаад ч хүний сэтгэлд хүрдэггүй.
Хошин урлагийн студиуд зохиолчтой, зохиолтой болж болно. Телевиз, контент үйлдвэрлэгчидтэй хамтарч болно. Хүүхдүүд шог хошинд дуртай, жүжигчдэд нь хайртай байдаг. Тэдэнд зориулсан үзвэр тавьж болно. Алдартай хошин зохиолуудыг судалж, үзвэрийн хэлбэр, агуулгаа өөрчлөх эрэлхийлэл хийх. Адаглаад үзэгчдээ сонсч, тэдний эрэлтийг олж харах хэрэгтэй. Шогийн өндөр мэдрэмжтэй, төрөлхийн авьяастай хүн олон бий. Фэйсбүүкт бүр оюунлаг шогч, хөгжөөнч, хүмүүсийг нэгтгэсэн сүлжээ хүртэл байдаг. Тэд бол жинхэнэ утгаараа шог, хошин, ёгт, хоржооны уурхай л гэсэн үг. Нийгэмд эм болох, сэтгэл засал хийх шог гараа байтугай тоглолт, бүр зохиолын санаа тэнд дүүрэн бий.
Шог зураачид байна. Шинэ санаа, шинэ өнцгийг хамгийн түрүүнд олж хардаг хүмүүс бол тэд. Нийтлэг хүмүүсийн олж хараагүй сэдэв, агуулга, алдааг харандаа, цаас хоёроор эвлүүлж илэрхийлдэг зураачдын бүтээлээс үйл явдлын олон өнцгийг харж болно…
Гэх мэтээр үнэнд ямагт ойр байдаг хошин илэрхийлэл, хүний хамгийн гүн гүнзгий мэдрэмжийн урлагийг шинэчлэе хэмээж байгаа нь шүүмж гэхээсээ илүү санал юм. “Хэрэв шогч хүний хошигнол давтагдаж эхлэх юм бол лут залхуу хүргэх болно” гэж Эрнест Миллер Хэмингуэй хэлж үлдээснийг сануулж байгаа хэрэг.