Л.Эрхэмбаяр: Монголын нийгмийн шинэчлэлийн эхлэлийг АН тавина

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаяр: Монголын нийгмийн шинэчлэлийн эхлэлийг АН тавина

-Өнөө маргаашгүй Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ҮЗХ-ны хурлын товыг зарлах байх-

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай уулзаж ярилцлаа.


-УИХ-ын сонгуулиас хойш та хэвлэлд ярилцлага өгөөгүй байх аа?

-Тэгсэн. Ялагдсан намын генсекийн хувьд гоншигонох шаардлагагүй гэж үзсэн.

-УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам эрх баригчаас сөрөг хүчний байр сууринд шилжсэн. Ердөө есөн суудал авсан шалтгааныг та одоо юу гэж дүгнэж байна?

-Олон шалтгаан бий. Манай намын гишүүд 60 гаруй шалтгаан жагсаагаад бичсэн байна лээ. Хамгийн нэгдүгээр шалтгаанаа Ардчилсан нам эв нэгдэлтэй байж чадсангүй гэсэн байсан. Үүнтэй би бүрэн санал нийлж байгаа. Яагаад энэ талаар одоо ярьж байна вэ гэхээр орон нутгийн сонгууль ч дууслаа, одоо бид нар алдаа оноогоо ил тод ярилцах ёстой. Ардчилсан намд ёс зүй, захирах, захирагдах ёс гэж байсангүй. Багийн тоглолтоос илүү хувийн тоглолтоо шүтсэн цөөн хэдэн хүн намынхаа эсрэг гоол оруулсаар байгаад дууссан. Өөрсдөө л тодорч гарвал нам хамаагүй гэж бодсон. Харамсалтай нь, АН-ыг хорлоод зогсохгүй “өөрсдөө амиа хорлоцгоосон” доо.

-Та хэнийг хэлж байна?

-Би хэн нэгнийг нэрлэмээргүй байна.

-Үнэндээ Ардчилсан нам бүлэг байгуулах төдий суудалтай үлдэнэ гэж тооцоогүй биз дээ?

Манай нам доод тал нь 27 суудал, цаашлаад хийсэн бүтээснээрээ олонх болно гэж тооцож байсан. Монгол хүнд ноён нуруу гэж гоё юм байдаг. Ноён нуруу алдсан бидний хоорондын үл ойлголцол, сонгуулийн системээ сарын өмнө өөрчилсөн нь манай намыг ялагдалд хүргэсэн. Увс, Архангайн тойргийг зурж байхад надад муухай л харагдаж байсан. Монгол Ардын нам тэрэн дээр маш сайн тоглолт хийсэн. Ер нь Монгол Ардын нам үнэмлэхүй олонх болсон нь тэдний сайных биш бидний муугийнх байсан юм. Сонгуулийн өмнө Тавантолгойн хувьцааг 300 мянгаар худалдаж авсныг ч би буруу гэж хэлнэ.

-Та тэр үед нь яагаад хэлээгүй юм бэ?

-Манай намынханд сонсч чаддаг хүн цөөн шүү дээ. Хамраа духан дээрээ тавьсан хүмүүс олон байсан. Хариуд нь бид бүгдээрээ “гудамжинд” гарлаа. Гэхдээ энэ ч бараг зөв байсан болов уу?

-Яагаад?

Ардчилсан намд завсарлага хэрэгтэй байсан байх. Бид алдаагаа дүгнэж, толинд өөрсдийгөө харж, хоорондоо ярилцаж, намаа шинэчлэх нь илүү дээр байсан биз. Бид яг юуны төлөө нам болсон юм бэ гэдгээ ч ярилцах ёстой. Хэсэг бүлгээрээ төрийн эрх мэдэл албан тушаалыг авахын төлөө юу. Аль эсвэл Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө юу. Нэг дэх нь бол жижиг эрх ашиг. Хоёр дахь том утгаар нь харвал Ардчилсан нам харин ч ялагдал амссан нь зөв. Ингэж хэлэхээр олон хүн уурлаж магадгүй л дээ. Гэхдээ бид алийн болгон дотоод ардчилал нэрийн дор албан тушаал, эрх ашгийн хэрүүл хийх юм бэ. Муу нуухаар сайн илчил гэдэг үг ч бий.

Ганцхан Ардчилсан намын шинэчлэл биш юм аа. Энэ бол Монголын улс төрийн намуудын, Монгол төрийн, Монголын нийгмийн шинэчлэл байх ёстой. Монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон. Миний танай гэж хэрэлддэг биш хийдэг болох хэрэгтэй юм. Харин үүний түүчээ, хонх нь Ардчилсан нам болох ёстой гэж бодож байна. Монголын ирээдүй, хөгжил, нийгмийн төлөө Ардчилсан нам заавал шинэчлэгдэх зүйн хэрэг. Гэхдээ тэр шинэчлэлийг нь залуучууд , дунд үеийнхэн, ахмадууд бүгдээрээ оролцож хийх ёстой.

 

-Ардчилсан намын шинэчлэлийн тухай амтай болгон ярьж байна. Харин та удирдлагынх нь нэгийн хувьд Ардчилсан намыг яаж шинэчлэх ёстой гэж бодож байна?

-Ганцхан Ардчилсан намын шинэчлэл биш юм аа. Энэ бол Монголын улс төрийн намуудын, Монгол төрийн, Монголын нийгмийн шинэчлэл байх ёстой. Монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон. Миний танай гэж хэрэлддэг биш хийдэг болох хэрэгтэй юм. Харин үүний түүчээ, хонх нь Ардчилсан нам болох ёстой гэж бодож байна. Монголын ирээдүй, хөгжил, нийгмийн төлөө Ардчилсан нам заавал шинэчлэгдэх зүйн хэрэг. Гэхдээ тэр шинэчлэлийг нь залуучууд, дунд үеийнхэн, ахмадууд бүгдээрээ оролцож хийх ёстой.

Монголчууд өнөөдөр хариуцлагаа хүлээдэг төрийг хүсч байна. Хариуцлага хүлээдэг төртэй болохын тулд нам өөрөө хариуцлагаа сайн ухамсарладаг, хариуцлагаа ч тооцож чаддаг байх ёстой л доо. Энэ шинэчлэлийн эх үндэс бол Үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрчлөх том даалгавар Монгол Ардын намынханд ирсэн. Монгол Ардын нам ийм үнэмлэхүй олонх байхдаа л Үндсэн хуулийг өөрчлөх ёстой.

-Үндсэн хуулийг өөрчилснөөр намууд шинэчлэгдэж чадна гэж үү?

-Чадах ёстой. Үндсэн хуулиар бид Ерөнхий сайддаа илүү эрх мэдлийг олгох ёстой. Танхимын сайдуудаа томилж чадахгүй Ерөнхий сайдаар яах юм бэ. УИХ-ын гишүүд нь ах, дүү хамаатан саднаа дарга даамал болгох гээд сайдуудаа дарамтлаад л явдаг. Энэ байдлыг халах ёстой. Тиймээс ганц Ардчилсан нам шинэчлэгдэх биш, Монголын нийгмийг шинэчлэхийн тухай яриа л явж байна гэж би харж байгаа. Нэг үгээр хэлбэл, улс төрийн намууд болон нийгмийн шинэчлэлд Ардчилсан нам үлгэрлэл болох учиртай.

-Намын дарга хэн болохоос Ардчилсан нам яаж шинэчлэгдэх нь шийдэгдэнэ гэж нэг хэсэг нь харж байгаа. Харин нөгөө хэсэгт Ардчилсан нам яаж шинэчлэгдэхээс хэн намын дарга болох нь тодорхой болно гэсэн яриа бий. Та алийг нь зөв гэж харж байна?

Манай нам цаашдаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог болох байх. Үндэсний зөвлөлдөх хороогоо аймаг, дүүргээс биш бүх гишүүдээсээ сонгодог болох байх. Фракцийн буюу эдийн засгийн болон албан тушаалтай хүчирхэг хэдхэн хүнээс намын бодлого шалтгаалдаггүй тийм тогтолцоо руу орно. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлснээр фракциуд нь хөдөлмөрлөдөг болно. Хөрсөн дээрээ очдог болох байх.

Манай нам цаашдаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог болох байх. Үндэсний зөвлөлдөх хороогоо аймаг, дүүргээс биш бүх гишүүдээсээ сонгодог болох байх. Фракцийн буюу эдийн засгийн болон албан тушаалтай хүчирхэг хэдхэн хүнээс намын бодлого шалтгаалдаггүй тийм тогтолцоо руу орно. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлснээр фракциуд нь хөдөлмөрлөдөг болно. Хөрсөн дээрээ очдог болох байх.

-Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж чадах болов уу?

-Хүн болгон шинэчлэгдээсэй гэж хүсч байгаа. Хүлээж байгаа. Тэгж чадахгүй бол өөр юм болно.

-Ингэхэд АН-ын даргад хичнээн хүн өрсөлдөж байгаа вэ?

-Одоогоор тэр, тэр өрсөлдөнө гэсэн мэдээ алга. Тэгж хэлсэн хүн алга. Сонирхол бол олон хүнд байгаа байх аа.

-Таны хувьд АН-ын даргаар ямар хүн сонгогдоосой гэж бодож байна?

-Ний нуулгүй хэлэхэд хүлээцтэй, хүмүүсээ сонсч чаддаг, дүрмээ барьдаг хүн сонгогдоосой гэж бодож байна.

-Ардчилсан намын дарга яг өнөөдрийн хувьд хэн бэ? Д.Эрдэнэбат мөн үү?

-Ардчилсан намын дүрмээр бол З.Энхболд дарга хэвээр байгаа гэсэн үг. Гэхдээ З.Энхболд дарга хариуцлагаа хүлээгээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь ҮЗХ-гоор хэлэлцээд чөлөөлөх ёстой.

-Сонгуулийн дараа З.Энхболд дарга, та хоёр албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Тэгсэн. Одоо ч би энэ албан тушаалыг нь өгөхөд бэлэн байна. Биднийг чөлөөлөөд өгөөч л гэж хүсээд байгаа шүү дээ.

-Гэхдээ ҮЗХ-ны хурлыг та хоёр хуралдуулахгүй байгаа юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. ҮЗХ-ны хурал хойшлогдсон нь орон нутгийн сонгуультай холбоотой. Өнөө маргаашгүй Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ҮЗХ-ны хурлын товыг зарлах байх.

-ҮЗХ-ны хурлаар юу ярих вэ. АН-ын Их хурал улс төрд багагүй хүлээлт үүсгээд байна л даа?

-ҮЗХ-ны хурлаар нэгд намын даргын асуудлыг хэлэлцэхгүй байх. Хоёрт, Намын их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулна. Гуравт, намын дүрмийг боловсруулах ажлыг хэсгийг байгуулах байх.

-Тэгээд Их хурлаараа намын даргын асуудлаа ярина гэсэн үг үү?

Намын Их хурлаар дүрэм шинэчлэгдсэний дараа шинэ дүрмийн дагуу шинэ даргыг сонгох байх. Тэгэхээр Их хурлаар намын дарга томилохгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Өнгөрсөн орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг хэн удирдаж оролцсон юм бэ?

-Бүх эрх мэдлийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Д.Эрдэнэбатад өгсөн. Д.Эрдэнэбат сайн ажилласан. Эрдэнэбатдаа талархлаа илэрхийлье. Учир нь, УИХ-ын сонгуультай харьцуулахад АН орон нутгийн сонгуульд чадлаараа сайн санал авсан гэж өөрсдийгөө дүгнэж байгаа. Нийт саналын гуравны нэгийг авсан. Зуу гаруй суманд ялалт байгуулсан. Нийслэлийн гурван дүүргийг авлаа. Үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН-ын эсрэг, асар хүнд нөхцөл дунд АН-ынхан харин ч сайн оролцлоо.

-Монгол Ардын нам Засгийн эрхийг аваад 100 хонох гэж байна. Сөрөг хүчний намын гишүүний хувиар та шинэ эрх баригчдыг хэр ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-МАН сонгуулиар их гоё, гоё амлалт өгсөн л дөө. Хэрэв та нар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь мартсан бол эргүүлээд харна биз. Гэвч, МАН засгийн эрх авангуутаа л татвар нэмнэ, цалин хасна гэж айлгасан. Уг нь сөрөг хүчин байхдаа манай намын халамжийн тогтолцоог өөрчлөх бодлогыг байнга эсэргүүцэж шүүмжилж ирсэн хүмүүс шүү дээ. Одоо өөрсдөө яаж байгааг хар л даа. Дараа нь эргэж буцаад л, бид буруу боджээ гэх маягтай. Зуун хоногийн хугацаа МАН-ынхны хэлж байгаагаар богинохон байж болно. Гэхдээ дорвитой юм хийж чадсангүй. Ямар ч байсан харж л сууя. Юу хийхийг нь, яаж эдийн засгийн хямралаас гаргах вэ хүлээж л байя.

-Танай нам ялалт байгуулсан бол эдийн засгийн хямралаас яаж гаргахаар төлөвлөж байсан бэ?

-Та нар уншсан бол манай намын сонгуулийн хөтөлбөр тэр чигтээ л хямралаас гаргах бодлого, зорилтууд байсан шүү дээ.

-Эдийн засгийн хямрал АН-аас болсон гэж Ардын нам буруутгаад байгаа. Мэдээж та санал нийлэхгүй байх?

-Адилдаа адил годилдоо годил гэж үг бий. Ардчилсан нам ч буруутай, Монгол Ардын нам ч бүр буруутай. Энэ олон жил АН, МАН хоёулаа засагласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН засгийн эрхийг найман сар бидэнтэй хамт барилцсан. Тэр утгаараа бас л буруудах байх. Ардчилсан намд нэг давуу тал байдаг. Бид санаачилж, эхлүүлж хэрэгжүүлж чаддаг. Харин алдаа мадаг бийг үгүйсгэхгүй. Ямар байсан олон улсын хөрөнгийн зах зээлээс том бонд босгож чаддаг юм шүү гэдгийг бид харуулсан. Түүх үлдээсэн. Тэр түүхийн жимээр Монгол Ардын нам хүссэн, хүсээгүй явах болно. Зээл авах болно. Зээлгүйгээр хөгжсөн улс байдаггүй юм.

-МАН Ардчилсан намын эхлүүлсэн бүх ажлыг гацааж, буцааж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ. Та эрх баригчдын энэ үйлдлийг юу гэж харж байна?

-Хүүхдийн мөнгийг хаслаа. Хүүхэд харах үйлчилгээг зогсоолоо. Дэд сайдтай боллоо. Өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхлэх чухал хуулиудыг буцаалаа. Монголын төрд залгамж гэж байх ёстой. Бид МАН-ын эхлүүлсэн сайныг нь аваад сайрыг нь сайжруулаад явсан. Харин АН-ын хаягтай болгоныг ухраана гэвэл улсаараа тоглоно гэсэн үг. Монгол Ардын намынхан Ардчилсан намын гаргасан жимээр алхахдаа л алхана. Харж байгаарай.

-Төрийн албанд байгаа АН-ын гэсэн болгон халагдаж байна?

-Монгол төрийн эмгэнэл гэх үү дээ. Үүнээс Монголын төр гарах ёстой л доо. Ингэхийн тулд яван явсаар нөгөө л Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдоно. За ингээд хоёулаа ярилцлагаа дуусгая.

-Танай намын шинэчлэлтэд амжилт хүсье.

-Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж