- Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт түлэгдэлтийн нэгдүгээр зэрэгтэй, хүндэрсэн 70 өвчтөн хэвтжээ. Тэдний талаас илүү хувь нь гурав хүртэлх насныхан юм байна. Ер нь өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь гурав хүртэлх насны хүүхэд байдаг хэмээн эмч нар ярив.
Түлэнхийн төвийн барилгыг хоёр блокод тус бүрд нь 7, 17 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ жилийн хувьд Түлэнхийн төвийн төсөвт улсаас нэг тэрбум төгрөгийг л суулгажээ. Харин 2017 онд 500 сая төгрөгийг л суулгажээ.
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Нөхөн санал хураалт нь ирц хүрээгүй тойрогт явагдсан бөгөөд өмнө нь санал өгсөн сонгогчид оролцоогүйгээрээ онцлог. Дахин санал хураалт нийслэлд явагдахгүй, 19 аймгийн 57 тойрогт явагдана” гэж мэдээлжээ.
- УИХ-ын бүлэг өнгөрөгч даваа гаригийн хуралдаанаараа насны хишгийг 70 болон түүнээс дээш насныханд олгохоор тусгасныг бүлгийн зарим гишүүд ахмадуудаа ялгаварласан, алагчилсан, нийгмийг талцуулсан төсөл хэмээн шүүмжилсэн байна.
- “Тогтвортой амьжиргаа 3” төслийн 21 аймгийн Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан талаар дахин мэдээлэл хийжээ. 105 ажилтны оронд намын харьяаллын мэргэжлийн бус хүмүүсийг бэлдэж, хуурамчаар сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа гэсэн мэдээллийг өгчээ.
- Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас 2.5 мянган га талбайн ургац мөндөрт өртсөн байна. Өнгөрсөн есдүгээр сар болон энэ сарын эхэн, дунд 10 хоногт хур тунадас, нойтон цас унасан нь ургац хураалтын ажлыг багагүй удаашруулжээ.
- Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, таван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
- Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа бөгөөд хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй талаар мэдээлжээ.