А.Мөнхбаттай эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа. Тэрбээр Орос, Франц, Америкт боловсрол эзэмшсэн эдийн засагч, гадаад харилцааны мэргэжилтэй бөгөөд төр болон хувийн хэвшилд банк, уул уурхайн салбарт ажилласан туршлагатай. Ялангуяа шинэ мянганы эхээр Монголд уул уурхайн эрчимтэй хөгжил эхлэх үед тэрбээр “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, уул уурхайн салбарт сайн танигдсан нэгэн билээ. Тиймээс эдийн засгийн талаар хувьдаа эргэцүүлж, энэ нь зөв, тэр нь буруу гэж бодитой үнэлэлт дүгнэлттэй явдаг хүн гэж боддог. Дуу хоолойгоо хэвлэлээр төдий л гаргаад байхыг хүсдэггүй тэрбээр өдгөө хувийн хэвшилд бизнесээ амжилттай удирдаж явна.
Оюутолгойн гэх тодотголтой Мөнхбатыг манай “Mongolian Economy” сэтгүүл болон www.mongolianeconomy.mn вэб сайт шинээр эхлүүлж байгаа “Шийдэмгий үг” булангийнхаа анхны зочноор урилаа. Энэ булангийнхаа зочдыг бид эдийн засгийн хүндрэлийг даван туулахад өөрийн хүчтэй саналыг дэвшүүлэх, улс төрийн буруу зөв шийдвэрийн талаар бодит үнэнийг шударга хэлж чадах, бодлого шийдвэр гаргагчдад үг нь хатуу буух ч тэднийг өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө бус улсын эрх ашгийн төлөө бодож ухаарахад нь түлхэх тийм хүн байлгах юм. Уншигч та манай дараагийн зочныг санал болгох нь нээлттэй.
-Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн тоон мэдээлэлд үндэслэн эдийн засаг таг зогслоо гэж хэвлэлээр бичих боллоо. Үнэхээр эдийн засаг таг зогсчихов уу?
-Юуны өмнө Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш анх удаагаа хямралтай тулгарч байгаа юм биш гэдгийг хэлье. 1990-1991 онд анхны хямралтай нүүр тулсан. Дараа нь 1997-2000 онд Зүүн Азийн хямрал болсон. Тэгэхэд би Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн газарт Орон хариуцсан эдийн засагч хийж байгаад 1999-2000 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллaж байсан. Тэр үед бол манай улс үнэхээр хүндрэлтэй байсан. Эдийн засгийн хямралын зэрэгцээ зуд нүүрлэсэн. Гадаадын зээл, тусламжаар л төлбөрийн тэнцлээ тэнцвэржүүлэхээс өөр арга байгаагүй. Төсвийн болон төлбөрийн тэнцлийн давхар алдагдалтай туйлын хүнд байсан. Тухайн үед би Гадаадын зээл, тусламжийн зохицуулалтын асуудал хариуцдаг байсан болохоор “Зуд” гэдэг үгийг НҮБ-ын Гамшгийн зохицуулалтын /Disaster relief/ үгийн санд оруулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
2007 онд “Lehman Brothers”-ийн дампуурч хямрал 2010 он хүртэл үргэлжилсэн. Одоо бол хямралын мөчлөг ойртсон. Энэ нь бүтээмж өндөрссөнтэй холбоотой гэдэг. Манай улс даяаршлын нөлөөнд өөрийн эрхгүй татагдан орж хаялгад нь өртдөг болжээ. Хамгийн сүүлд л гэхэд 2012 онд Хятадын эдийн засагт удаашрал гарч, ашигт малтмалын үнэ унаснаас хямарч байна.
Хямралаас гарахын тулд нэн тэргүүнд юунаас болов, ямар учир, шалтгаантай байв гэдэг оношийг зөв тавиад, гарах арга замаа тодорхойлох ёстой.
-Онош зөв тавигдсан уу?
-АН-ын Засгийн газар 2014 оныг дуустал хямрал болж байна гэдгийг хүлээн зөвшөөрөлгүй байсан мөнгөөрөө тансагласан. АН-ын Ерөнхий сайд нь хямрал болж байгааг үгүйсгээд, МАХН-ын Сангийн сайд нь түүнийг дэмжээд байсан жаахан мөнгөө янз бүрийн “Тогтворжуулах” нэртэй хөтөлбөрөөр халхавчилж цацсан.
2012 онд анх удаа ЭЗХЯ гэж байгуулахаар нь хөгжлийн бодлого, стратегийг овоо Засгийн газрын түвшинд авч явах нь гэж олзуурхаж байлаа. Гэтэл салбарын сайд нь үндсэн ажлаа хийлгүй, Оюутолгойн үйлдвэрлэл эхэлсний хүчинд босгосон Чингис бондын хөрөнгийг, хуваах, хуваарилах ажил хийж байгаад дууссан. Ямар сайндаа тэр сайдаасаа салахын тулд нам нь түүний хариуцсан яамыг хоёр жилийн дараа татан буулгах вэ дээ. Тэгэхдээ босгосон жаахан хөрөнгөө үр ашгаа удаан хугацаанд нөхдөг дэд бүтцийн төслүүдэд тооцоо хяналтгүй хийсэн. Хамгийн гол нь АН-ын Засгийн газрын хийсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг нь тооцох боломжгүйгээс сонгуульд ямар дүн авсныг бүгд мэдэж байгаа.
-МАН өмнөх засгийн алдаа сургамжаас суралцаад, оношоо зөв тогтоогоод, дахин алдахгүйн төлөө явах ёстой. Эдийн засгийг хөдөлгөх зүйл хийж чадаж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт татахад ямар хэцүү байдгийг гадарлах хүний хувьд хэлэхэд, одоо Монгол Улсын өрсөлдөх чадварын тухай хэн ч ярихаа больсон. Даяаршиж буй дэлхий ертөнцөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөөн явж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын газар гэж 1992, 2010 онд байгуулж байсан. МАН энэ онд дахин байгуулсан ч яамны хэмжээнд ажиллуулаагүй нь алдаа. Зүй нь илүү эрх мэдэлтэй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай Шадар сайдын түвшинд үйл ажиллагаа явуулж Франц, Хятад гэх мэт орнуудын түвшинд эдийн засгийн бодлого тодорхойлж, стратегиа тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын дэргэд Үндэсний хөрөнгө оруулалтын газар гэж байгуулсан сонсогдсон ч 100 гаруй хонож байхад тус байгууллага юу хийж байгаа талаар ямар ч чимээ анир алга. Эрх биш, үйл ажиллагаа явуулж л байгаа байх гэж найдахаас.
-Франц, Хятадын эдийн засгийн төлөвлөлт, удирдлагын бодлогыг та жаахан дэлгэрүүлж сонирхуулахгүй юу. Яг тийм баймаар байна гэж та онцоллоо шүү дээ?
Францад бол Эдийн засаг, санхүүгийн яам гэж ажилладаг бөгөөд тэдний статусын хувьд бусад яамдаасаа арай илүү эрх мэдэлтэй, төсөв, санхүүгийн бодлогоо тодорхойлоход давуу эрхтэй оролцдог. Одоогийн Европын Төв банкны анхны Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Жан-Клод.Трише гэдэг хүнийг Францын Эдийн засаг, санхүүгийн яамны газрын дарга байхад нь анх Монголын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуайг би 1993 онд уулзуулж байлаа. Хятадын хувьд бол Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо гэж байдаг. Тэр хороо бас маш эрх мэдэлтэй, тэдний зөвшөөрөлгүйгээр ямар ч томоохон төсөл хэрэгждэггүй, том компаниуд нь гадаадад хөрөнгө оруулах ч боломжгүй байдаг.
УИХ-ын гишүүд, улстөрчдөд макро эдийн засгийн хичээл заамаар санагддаг
-Эдийн засгийг тогтворжуулж, хүндрэлийг даван туулах чиглэлд ямар дорвитой ажил хийгээсэй гэж та хүсэж байна вэ?
-Манайх ерээд оны хямралаас гадаадын зээл тусламжийн хүчинд гарсан. 2000 онд Засгийн эрхэнд гарсан хүчин Мянганы зам гэх мэт төсөл хэрэгжүүлж эдийн засгийг идэвхжүүлсэн гэдгийг хүмүүс санаж байгаа байх. 2009 онд бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийх замаар хямралыг даван туулсан.
Энэ удаагийн хямрал бол онцлогтой. Хятадын эдийн засгаас хэтэрхий хамааралтай, зах зээл дээр эрдэс баялгийн үнэ буурснаас үүдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт төсөв алдагдалтай, гадаад валютын нөөц буурсан байгаа одоогийни нөхцөлд бараг цорын ганц боломж бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг нээж өгөх явдал гэж харж байна. Төгрөгийн ханш ингэж унаад байгаа үед Монголд жуулчлах нь хямд болсон зэргийг олон улсад сурталчилбал валют орж ирэх нэг зам болох юм. Байгаль орчин, Аялал жуулчлалын яам сая томоохон хурал хийлээ. Цаашдаа бас гадаад зах зээл дээр гарч аялал жуулчлалын яармаг, үзэсгэлэнд идэвхтэй оролцож CNN, BBC, Bloomberg-ээр сайн сурталчлах нь зүйтэй байх. Монголчууд гадаадын жуулчдад их дээрэлхүү ханддаг, үйлчилгээ үзүүлж чаддаггүй, зөвхөн мөнгөний түрийвч гэж хардгаа болих хэрэгтэй. Тэгсэн цагт жуулчдын тоо нэмэгдэнэ.
Казино байгуулах асуудлыг одоо ярих хэрэгтэй. Монголчуудыг оруулахгүй, зөвхөн гадныханд зориулсан казино байгуулж болно. Замын-Үүд ч юм уу Алтанбулагийг манайхан ярьдаг, гэхдээ хоёр хөршийн Засгийн газрууд зөвшөөрөхгүй байх л даа. Юуны төлөө олон улсын шинэ нисэх буудал өчнөөн өр тавин байж барьж байгаа билээ, түүнийгээ түшиглээд казино байгуулахыг зөвшөөрч болно. Урьд нь казино хориотой байсан Вьетнам, Сингапур, Камбож гээд цөөнгүй орон энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж байна. Манайд болохоор хэн лиценз авчих бол гэж хоорондоо булаацалдаад ажлаа явуулахгүй юм. Саяхан Энэтхэгийн Засгийн газар 18 сарын дотор 1.5 сая долларын хөрөнгө оруулсан хүмүүст байнгын оршин суух эрх олгох шийдвэр гаргасан. Манайд ч бас нэг жилийн дотор нэг сая долларын хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид байнга оршин суух эрх олгодог байж болох юм. Гадаадын банкны салбарыг зөвшөөрөх асуудлыг сонирхлын зөрчилтэй улсуудын лоббигоор явуулахгүй юм. Хурдтай шийдэх хэрэгтэй шүү дээ. Том төслүүдийг явуулна гэсэн бас л хурд дутаад байх шиг. Шийдэмгий, эрчтэй хөдөлмөөр байна.
-Сонгогчид бол МАН-ыг олонх болгох нь асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж чадна гэж итэсэн байх. Гэтэл таны хэлж байгаачлан арай л удаан, яарсан шинжгүй, яах гээд байгаа нь тодорхойгүй суугаа нь өдрөөс өдөрт амьдрал нь дортойсоор байгаа ард түмний хувьд “ямар ч сонголт хийчихэв дээ, АН-аасаа ялгарах зүйлгүй юм биш үү?” гэж эргэлзэхэд хүргэж байх шиг байна л даа.
-МАН УИХ-д 65 гишүүнтэй байж ээлжит бус чуулганаар Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг буцааж байгаа нь гадныханд маш сөргөөр тусч, шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо Засгийн газрын бонд гаргая гэхэд л Moody’s зэрэг агентлагууд манай зээлжих зэрэглэлийг дахин бууруулахад бэлэн болоод байна. Хямралаас гарахад зардлаа бууруулах, татварын тогтолцоогоо боловсронгуй болгох, бүтцийн өөрчлөлт хийх, мөн мөнгө санхүүгийн оновчтой бодлогоор дэмжих гэх мэт олон арга хэрэгсэл бий. Харин сая Монголбанк, Засгийн газрын хооронд санал нийлэхгүй зүйл гарч байна билээ. Тэр бол эрүүл үзэгдэл, нэг нь төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах, нөгөө нь эдийн засаг, төсөв, татварын орчинд нөлөөлөх замаар өсөлтийг хангаж ажилгүйдлийг бууруулах үүрэгтэй. 2012-2016 онд тэр зарчим алдагдсан, Төв банк нь Засгийн газрын буюу олонхын засаглалын дагуу ажиллаж, арилжааны банкны эрхшээлд орсон байсан.
-УИХ-д янз бүрийн салбарын олон шинэ хүн орж ирсэн нь төрийн шийдвэр гаргалтад саадтай байна байх гэж би хувьдаа хардаг. Ний нуугүй хэлэхэд эдийн засгийг уншаад ч ойлгохгүй байж мэдэх нөхөд байгаа шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-УИХ-ын гишүүд, улс төрчдөд макро эдийн засгийн хичээл заамаар санагддаг. Би бол гарын таван хурууны дүрэм гэж хялбаршуулан тайлбарладаг. ДНБ-ий бүтэц юунаас бүрддэг гэхээр хэрэглээ, хадгаламж буюу хөрөнгө оруулалт, татвар буюу төсөв, цэвэр экспорт буюу экспорт, импортын зөрүүгээс тогтдог юм. Эндээс гадаадын шууд хөрөнгө оруулалт бол яах ч аргагүй монголчуудаас зардал гаргалгүй, ДНБ, хэрэглээ, хөрөнгө оруулалт зэргийг нэмэгдүүлж байгаа гэдгийг л ойлгож дэмжих хэрэгтэй бүрэлдэхүүн хэсэг байгаа юм. Оффшор бүсэд 10-25 их наяд доллар эргэлдэж байдаг гэсэн мэдээлэл бий. Тэр мөнгөнөөс хөрөнгө оруулалт татахад уг нь эдийн засгийг сэргээхэд хэрэгтэй л баймаар.
Аливаа эдийн засгийн томоохон асуудалд улс төржиж, бас хажуугаар нь хувийн ашиг сонирхол, атаа жөтөө орсноос болоод манайд ерээд оноос хойш хэчнээн олон төсөл хэрэгжсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй вэ. “Эгийн гол”, “Айбэкс”, ОХУ-аас Хятад руу Өндөр хүчдэлийн шугам, Шивээ-Овоогийн нүүрс шингэрүүлэх төсөл, Шивээ- Овоогийн 7500 МВт цахилгаан станцын төсөл, Эрдэнэтийн зэс хайлуулах төсөл, Дарханы нефтийн үйлдвэр гээд нэрлээд байвал урт жагсаалт гарна. Монголчууд чинь цаанаасаа индивидуалист, хувиа хичээж довоо шарлуулсан хүмүүс. Архи ууж тэр нээлттэй бус байдлаа тодорхой хэмжээгээр алга болсны дараа юмаа ярьдаг улс. Тийм ч учраас Монголоо хөгжүүлье гэдэг санаагаа ч шулуун шударга ярьчихаж чаддаггүй болохоор энэ байдалд орчих шиг боллоо. Аливаа том төслийг сэдэх, хэрэгжүүлэхийн тулд улс төрийн зөвшилцөл, ойлголцол туйлын чухал гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага түүх харууллаа.
Төсвийнхөө 60 гаруй хувийг нийгмийн халамжид зарцуулдаг тогтолцоог халах ёстой
-Зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд олсон том ололтыг та юу гэж хардаг вэ?
-Манай улс сүүлийн 10 гаруй жилийн дотор уул уурхайн үсрэнгүй хөгжлийн дүнд, дундаж орлоготой орнуудын эгнээнд шилжиж өмнө нь коммунизмын үед, дараа нь донор орнуудаар тэжээлгэж гуйлгачны сэтгэлгээгээр амьдарсан сэтгэхүйгээсээ тодорхой хэмжээгээр салж чадсаныг их олзуурхдаг. Сая 2013-2014 онд Грекийн дампуурлыг харж байхад грекчүүд бол Европын холбоо, Герман, Францын мөнгөөр тансаглаад сурчихсан нь харагдсан. Манайд ялангуяа сүүлийн жилүүдэд бэлэнчлэх сэтгэлгээ рүү ард түмнийг хэт түлхсэн. Бид хуучин руу буцаж болохгүй. Хөлсөө гоожуулж олсон олз амттай гэдэг биз дээ. Манай төсвийн орлогын 60 гаруй хувийг нийгмийн халамжид зарцуулдаг тогтолцоог халах хэрэгтэй. Цэцэрлэг, яслийн насны хүүхдээ хүртэл төрөөр хооллуулах гээд өдөржин шөнөжин дугаарлуулаад байна. Гэтэл Үндсэн хуульд ерөнхий боловсролыг л төр үнэ төлбөргүй олгоно гэсэн байгаа. Тэрнээс хүүхэд гаргахаар нь үнэгүй хараад, хооллоод, өсгөөд өгье гэсэн тогтолцоо дэлхийд өөр хаана ч байхгүй болж байна. Нийгмийн халамжийг хавтгайруулж олгохын оронд хэрэгцээтэй, эмзэг бүлгийнхэнд хүнсний талон олгох замаар тогтолцоогоо оновчтой болгох нь чухал.
-Та эдийн засагч, уул уурхайн хүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн эцэс төгсгөлгүй маргааны талаар ямар бодолтой байна вэ?
-Хөрөнгө байгаа бол хувийн хэвшил байна уу, олон нийтийн өмчлөл байна уу үр өгөөж заавал байх ёстой. Хувийн хэвшилд байвал үр өгөөж нь өндөр байдаг нь нууц биш, янз бүрийн хүчин зүйлийн улмаас төрийн өмчийн ашиг орлого бага байдаг нь буруу. Үүнийг өөрчлөх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн маргааныг би төрийн өмчийн хувийг үнэгүйдүүлэх оролдлого гэж харж байгаа. Энэ бол байж болохгүй зүйл. “Эрдэнэс Монгол” гэхэд ДНБ-ий бараг гуравны нэгийг хамарч байна. Түүнийг үнэ цэнд хүргэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Зах зээлд гарах, хөрөнгө мөнгө босгох ажлын бэлтгэл хийгдэж байгаа гэж ойлгож байна. Гэтэл зөвхөн АХБ-наас авсан нэг төслийн мөнгийг л шингээх гэдэг ажилд төвлөрч анхаараад гол ажил нь урагшлахгүй харагдах юм.
-Жишээ нь, танай уул уурхайн салбарт шинэ Засгийн бодлоготой холбоотой ямар нааштай зүйл харагдана. Том төслүүдийг хөдөлгөнө гэж байгаа боловч яриа төдий л байна.
-Уул уурхайг идэвхжүүлэх гээд сайд нь, яам нь, Засгийн газар нь янз бүрээр оролдож байна. Олон жил хориотой байсан лицензийн хоригийг тавиуллаа. Гэтэл орон нутагт гацааж байна. Би хоёр жилийн өмнө тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай айлд санамсаргүй тааралдаад хэдэн үг солих хооронд ам мурийж байсан. Тэрбээр аймгийн Засаг дарга нарт ашигт малтмалын лиценз битгий олго гэж уриалснаа бахархалтайгаар ярихаар нь гэдэн хөдөлсөн юм. Төр, засгийн бодлогын түвшинд чиглэл гаргаж өгөөд аймаг, сум бүр хаана газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал эрхэлж болох, хаана уул уурхай эрхэлж болох гэдгээ ангилаад, тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол лиценз аваад орон нутагт очиход нь нэг хурган дарга орон нутгийн тусгай хэрэгцээнд авах гэж байгаа гээд зогсоодог байж болохгүй. Өмнө нь хайгуулын бизнест гэхэд 2005-2009 онд жил бүр 0,5-2 тэрбум долларын хөрөнгө Монголд оруулдаг байсан, тэр мөнгөөр Улаанбаатар хотод маш их барилга баригдаж, ийм их машин тэрэгтэй болсон шүү дээ.
-Тэгвэл уул уурхайн гадаад зах зээлд ямар эерэг хандлага байна. Бид юу хийх хэрэгтэй вэ?
-Өсөлтийн үед бэлтгэлээ хангаж эхэлмээр байна, хуримтлалын сангаа хэрхэн бий болгох гэх мэт гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Та нар BHP, Rio Tinto, Teck, Freeport McMoran гээд уул уурхайн компаниудын хувьцааны үнийг хараарай, энэ оны нэгдүгээр сард доод ёроолдоо хүрээд, одоо буцаад өсч байгаа. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Монголд Өрнөдийн орнуудын зах зээлд болж байгаа хэмнэл 12-18 сарын дараа болдог. Ирэх жилийн эхний хагаст ёроолдоо хүрээд буцаад сэргэнэ гэсэн дохио өгч байгаа хэрэг. 2012 оны хямралын эхний дохио бол мөн оны долдугаар сард АНУ-ын “Патриот коал” гэдэг компани дампуурснаар эхэлсэн юм. Сайн мэдээ гэвэл сая АНУ-ын “Арч коал” гэдэг нүүрсний компани энэ сарын 5-нд дампуурлаас гарснаа зарлалаа. Нүүрсний зах зээл сэргэж байна гэсэн үг.
-Бэлтгэл ажил хийх хэрэгтэй гэлээ. Чухам юу хийх вэ?
-Уул уурхайн компаниудын орлого зардал, үйлдвэрлэл, санхүүгийн мэдээлэл, татварын мэдээллийг ил болгох хэрэгтэй. “Эрдэнэт” гэхэд л ОХУ-ын тал зөвшөөрөхгүй байна гэдэг шалтгаанаар санхүүгийн мэдээллээ ил тавьдаггүй байсан. Сэтгэл л гаргах асуудал юм. Одоо монголчууд авчихсан юм чинь ядаж л Оюутолгойтой харьцуулахын тулд бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, нөөц, санхүүгийн мэдээллийг ил болго л доо.
Аль ч Ерөнхий сайдын үед түүхэнд үлдэх үүднээс нэг томоохон санаачилга гаргадаг. Н.Энхбаяр гэхэд Мянганы зам, Их өрийг дарах гээд нэг бус томоохон ажил хийсэн. С.Баярын үед Хөрөнгө бүртгэлийг төгөлдөржүүлэх, Атрын III аян, Оюутолгойн гэрээ зэргийг хийсэн. Ж.Эрдэнэбат сайд ч гэсэн түүхэнд үлдэх том санаачилга гаргавал зүгээр.
-Энэ Засгийн газар гарснаас хойших эдийн засгийн холбогдолтой том, бага шийдвэрүүдийн үр нөлөөний талаар юу хэлэх вэ?
-Ерөнхий сайд 12-18 сарын дотор хямралыг дуусгана гэж хэлсэн. Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн, богино хугацаанд буурсан боловч төгрөгийн ханш чангарсангүй. Яагаад гэсэн чинь арилжааны банкныхан Монголын банкны холбоон дээрээ тохиролцоод хадгаламжийн хүүгээ нэмэхгүй гэж тохирсон бололтой. Энэ нь мөнгөний бодлогын арга хэмжээг сулруулж байгаагийн илрэл. Хэрвээ тийм бол төгрөгийн ханш чангарахгүй. Арилжааны банкууд Төвбанк, Засгийн газрын бондоос худалдаж авах замаар эрсдэлээ бууруулж завшаад өнгөрнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл,Т.Аюурсайхан гишүүний Засгийн газарт тавьсан асуулгын хариуг тэндээс хайх хэрэгтэй.
Ер нь эдийн засагт болж байгаа үзэгдлүүдэд төрийн байгууллагууд санаатай, санамсаргүйгээр хайхрамжгүй хандаж байна. Тухайлбал, Монголд интернэт казино ороод ирсэн. Хууль зүйн яам, Мэдээллийн технологийн газар үүнийг хориглох хэрэгтэй шүү дээ. Ямар ч татваргүй монголчуудын мөнгийг авч байна.
-Та хөрөнгө оруулалт татахын зовлон бэрхшээлийг мэддэг хүний хувьд хөрөнгө оруулалтыг татах талаар нэг зөвлөгөө хэлэхгүй юү?
-Төслүүдийг хөдөлгөе, хөрөнгө татъя гэвэл яах ч аргагүй оффшор бүсэд бүртгэлтэй компаниудтай харилцах хэрэгтэй болно. Гэтэл манайд оффшорыг үзэн яддаг сэтгэлгээ, хандлага бий болгочихсон. Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас хөрөнгө оруулалт оруулж ирж чадсан хэдэн бизнесмэнээ оффшорчин гэж цоллодог, гадуурхдаг болсон. Тэнд ялгавартай хандах юм их бий. Оффшор бүсэд эргэлдэж буй хөрөнгөөс татаж Монголд ажлын байр бий болгосон уу, татвар төлсөн үү, харин Монголоос татвар төлөхөөс зугтаалгаж мөнгө хөрөнгөө оффшор бүсэд байрлуулсан уу гэдгийг шалгавал ялгаа нь тодорхой болно. Оффшор бүсээс хөрөнгө татахын төлөө улс орнууд өрсөлдөж байна. Казахстанд л гэхэд аж ахуйн нэгжийн орлогын татвараа тэглэсэн. Манайд “Голдман Сакс” гэх мэт хөрөнгө оруулалтын банкийг үзэн яддаг, орж ирвэл хөөж гаргана, сонирхлын зөрчилтэй гэсэн үзэл бодолтой хүмүүс одоо ч гэсэн төрийн сайд болчихсон л явж байгаа.
Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй, олон нийтийн компаниуд орж ирвэл олон улсын аудитын компаниудыг байлгахыг шаардана. Гэтэл урьд нь аудитын компаниудыг дотоодын аудитынхан дарамталсаар байгаад хөөж явуулсан, эсвэл дотоодын компаниудтай хамтрахаас өөр аргагүй болгосон байдаг.
Төр заавал хувь эзэмшинэ гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. 40 хувийн аж ахуйн нэгжийн албан татвартай байхад гадаадынхан Оюутолгой төслийг хэрэгжүүлье л гэж байсан, Гэтэл өөрсөддөө зориулаад 25 хувь гэж бууруулаад тэгээд гадаадынхнаас авах үр өгөөж бага санагдахаар нь эзэмшлийн хувь авах гэж дайраад л өнөөгийн байдалд орсон нь харамсалтай. Тэгэхдээ би энэ удаа Оюутолгойн тухай яримааргүй байна, хэтэрхий сунжирсан, удаан яриа болно.
-Ядаж Тавантолгойгоо хөдөлгөчихвөл…
-Тавантолгой гэхэд бүтээн байгуулалт хийх асар том боломж. Төр өөртөө байлгаад юу ч хийхгүй, хөдөлгөж чадахгүй байгааг MCS олж харсан учраас оролцъё гэж бодсон байх. Түүнээс бус Ж.Оджаргал цаашдаа юу ч хийхгүй зүгээр суусан ч гэсэн амьдрах боломжтой хүн, зөвхөн шуналын үүднээс юм уу хувийн сонирхлоор энэ том төслийг хөдөлгөе гэж бодоогүй байх. Монголдоо л хамгийн том бүтээн байгуулалт хийсэн, хэдэн үедээ бишрэгдэх гавьяатай, бизнесийн маш авьяастай хүн шүү дээ. Нүүрс ингэж үнэгүйдэж байхад зориглож ханцуйгаа шамлахыг бодоход цаана нь бодсон санаа байсан байх.
Оюутолгойн гэрээг байгуулахад хоёр л алдаа гаргасан байдаг
Тэр байгалийн баялаг, эцэг өвгөдөөс ирсэн хишгийг ашиглаад хөгжөөд авах хэрэгтэй. Хөгжөөд оюун ухаандаа хөрөнгө оруулчих юм бол байгалийн баялаггүй ч гэсэн хөгжиж болдгийг Сингапур, Өмнөд Солонгос, Японы туршлага харуулж байна. Өмнө нь Герман, Америк ч гэсэн хөгжлийн тэр замналаар явсан.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн хямралаас гадна нэр хүндийн асуудал их саад болж байна. Маргааш ашигт малтмалын үнэ өслөө гэж бодоход Жастин Капла нарыг хорьсон шийдвэр, өмнө нь МАН-ын гишүүдийн санаачилж батлуулсан Хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль гээд нэр сүр гутаасан олон үйл явдлаас гадна Стандарт банкны хэрэг зэрэг үйл явдал маш их сөргөөр нөлөөлнө. Харин түрүүчийн Засгийн газрын үед “Хан Ресурс”-ын арбитрын шийдвэрийг биелүүлсэн нь Монголын нэр хүндийг өргөхөд эергээр нөлөөлсан.
Монголчууд бид хэтэрхий бардам хүмүүс юм. Мэдэхгүй байж, хүнээс асуухгүй. Саяхан надаас нэг хүн уул уурхайн салбар, ялангуяа зэсийн салбарт хамгийн ашигтай гэрээ байгуулсан туршлага хаана байдгийг асуусан. Би тэгэхээр нь Монгол шүү дээ гэсэн чинь тэр хүний царай хувираад явчихсан. Тэр сайн жишээ бол уулын баяжуулах “Эрдэнэт”. Хуучин системийн үед болохоор тэр шүү дээ. Харин зах зээлийн үед бол тийм хувилбар боломжгүй.
-Эдийн засаг унаж, доройтох үед байнга л Оюутолгойн гэрээтэй холбодог. Одоо ч хямралтай холбож ярьсаар л байна. Хамгийн муу гэрээ болсон гээд л. Гэтэл нөгөө талд Еөрөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт тэргүүтэй тухайн гэрээг хийхэд оролцсон улс төрчид болоод мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл маш сайн гэрээ болсон гэж ярих нь бий. Та энэ гэрээг үзэглэхэд оролцсон хүний хувьд яг юун дээр алдсаныг нь хэлж өгөхгүй юү?
-Оюутолгойн гэрээг байгуулахад хоёр л алдаа гаргасан байдаг. Нэг нь буруу мөчлөгт гэрээ байгуулсан. Өөр гарцгүй байсан болохоор алдагдалтай ч гэсэн 2009 онд гэрээг байгуулсан, 2007 оны хямралыг хохирол багатай давсан. 2015 оны Дубайн гэрээ ч гэсэн хямралаас гарах гэсэн оролдлого байсан. Хоёрдугаарт, яах ч аргагүй туршлага дутсан. Гадны банк, санхүүгийн байгууллагуудаас Засгийн газар зөвлөгөө авсан чинь сонирхлын зөрчилтэй гэж гадуурхаад хөөгөөд явуулсан. Би түрүүн хэлсэн, уг нь “Голдман Сакс” чинь Монголын Засгийн газарт хөрөнгө оруулалтын стратегийн зөвлөгөө өгөх гэж орж ирсэн юм шүү дээ. Зардал дээр хяналт тавих бололцоо байгаагүй. Тийм учраас одоо нүүрсний үнэ өсч байгаа энэ мөчлөгийг ашиглаад Тавантолгойн гэрээг байгуулчих хэрэгтэй. Цаашдаа туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийг том төслүүдийн үйл ажиллагаанд татаж оруулах нь чухал. n
И.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn