Хорвоод хоёр удаа мэндэлсэн Линли

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Хорвоод хоёр удаа мэндэлсэн Линли

АНУ-ын Техас мужийн Лэвайсвиллд хотод нэгэн нярай хоёр удаа хорвоод мэндэлжээ. Түүний ээж Маргарет Хавкинс Боемэр жирэмсний 16 долоо хоногтой байхдаа ураг нуруундаа хавдартай болохыг мэджээ. Хавдрын улмаас нярайн цусны судсын чиг өөрчлөгдөн зүрхний үйл ажиллагааг сааруулж улмаар эндэх аюултай байсан аж.

Эмч нар эхийн хэвлийг мэс заслын аргаар нээхэд нялх Линли дөнгөж 0,53 кг байсан аж. Маргарет анх ихэр хүүхдүүд тээж байсан боловч жирэмсэний гурван сартай байхдаа нэг хүүхдээ алдсан байна. Техасын нөхөн үржихүйн клиникээс түүнд дээрх эрсдэлтэй хагалгааг санал болгохоос өмнө эмч нар анхнаасаа л түүнийг үр хөндүүлэхийг зөвлөсөн байна.

Хагалгаа хийж байх явцад нярайн нурууны хавдрын хэмжээ түүний биеийн хэмжээтэй бараг ижил байжээ. Нялх Линли 50 хувийн амьдрах магадлалтай байсан юм.

Нярайн ээж Маргарет хэлэхдээ “Жирэмсний 23 долоо хоногт охины минь нурууны хавдар түүний зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эндэх аюултай болгосон. Түүнд амьдрал бэлэглэх үү, эсвэл хавдрыг түүнийг биенээс салгах эрсдэлтэй хагалгааг хийлгэх үү гэдгийг сонгох хэрэгтэй болсон. Үүнийг шийдэхэд амархан байсан. Бид түүнийг амьдруулахыг хүссэн” гэв.

Нялх Линли ээж, эгч нарын хамт

Нялх Линлигийн зүрх бараг зогсохоо шахав..

Техасын нөхөн үржихүйн эмнэлгийн эмч Даррел Касс хагалгааг гардан хийсэн. Түүний хэлж буйгаар хавдар маш том байсан учраас маш том хэмжээний зүсэлтийг хийн 23 долоо хоногтой нярайг эхийн хэвлийгээс гаргах шаардлагатай байжээ. Линлигийн зүрх хагалгаа хийж байх үед үндсэндээ зогссон байсан боловч зүрхний эмч нар түүний нурууны хавдрын ихэнх хэсгийг салгах үед нялх Линлиг амьд байлгаж чадсан аж. Хагалгааны багийнхан нярайг эхийнх нь хэвлийд буцааж байрлуулан савыг оёсон байна.

Нярайн ээж Маргарет 12 долоо хоногийн турш хэвтрийн дэглэмд байсан аж. Ийнхүү Линли өнгөрөгч зургадугаар сарын 6-нд хоёр дахь удаагаа хорвоод мэндэлжээ. Түүнийг кесарева хагалгаагаар төрүүлсэн бөгөөд 2,3 кг жинтэй төржээ.Нялх Линлиг найман хоногтой байхад нь үлдсэн хавдрыг авах мэс ажилбарыг хийжээ.

Касс эмчийн хэлж буйгаар нялх охин одоо гэртээ байгаа төдийгүй биеийн байдал сайжирч, эрүүл бойжиж байгаа гэв. Энэхүү эхийн хэвлий дахь нярайн нурууны хавдар нь дунджаар 50 мянгад нэг тохиолддог аж. Хавдар үүссэн шалтгаан нь тодорхойгүй боловч энэ төрлийн хавдраар охидууд хөвгүүдээс дөрөв дахин их тусдаг аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж