Сьюзан Бойлын залгамжлагч Солонгосоос тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойлын залгамжлагч Солонгосоос тодорлоо

“Авьяаслаг британичууд” шоугаар дамжин дэлхийн од болон хувирсан Сьюзан Бойлын шийрийг хатаах хүнээр Өмнөд Солонгосын иргэн Сүн Бон Чой тодорч, олон улсын тавцанд, ялангуяа цахим ертөнцөд шуугиан тарьж эхэллээ. “Авьяаслаг солонгосчууд” реалити шоунд оролцсон 22 настай залууг “YouTube”-ээр арав орчим сая хүн үзсэний дараа тэрбээр интернэт даяар сенсааци тарьсан байна. Насандаа ахадсан гэмээр хүчирхэг баритон хоолойтой түүнийг дуулахад өрсөлдөгчид нь хүртэл шагширч, үзсэн хүмүүсийн олонх нь нулимс унагаж байжээ.

Чой анх тайзан дээр гарч ирээд шүүгчдийн өмнө “Би гурван настайдаа асрамжийн газарт ирж, таван настайдаа хүмүүст зодуулаад тэндээс зугтсан. Түүнээс хойш би гудамжинд бохь, ундаа зардаг болж, энэ амьдралаар 10 орчим жил амь зогоож байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр шүүгчдэд шатны хонгил, нийтийн бие засах газарт хоноглодог байснаа ярьж, нэг удаа бохь зарж явахдаа нэгэн шөнийн цэнгээний газарт дуулж байсан дуучныг хараад дуулах хүсэл анх төрсөн тухайгаа хэлжээ.

Дэлхий нийтийн анхаарал гэнэт түүний зүг хандсанд Чой ихэд цочирдож, басхүү маш их баяртай байгаа гэнэ. Түүний нэр дээр Facebook-ийн фен хуудас нээсэн бөгөөд баяр хүргэж, сайшаасан сэтгэгдлүүд дэлхийн өнцөг булан бүрээс цуварсаар байна. Чой 16 настайдаа анх удаа сургуульд тэр тусмаа урлагийн дунд сургуульд элсэн суралцаж, 2009 онд төгссөн нь түүний хувьд номтой нөхөрлөсөн анхны түүх гэнэ. 

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж