Яг одоо та хийж байгаа ажлаа хэдхэн хором хойш тавиад, хэлд ороод анх сурсан “Маамуу нааш ир” дуугаа аялаарай. Монгол хүүхэд бүрийн дуртай, таны ч бас хамгийн сайн мэдэх “Маамуу нааш ир” дуу өнөөдөр 60 дахь жилийн төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дууны баярыг өнөөдөр орон даяар тэмдэглэж, яг энэ цаг мөчид /11.00 цагаас/ хүүхэд багачууд бүгд улс даяар хүндэтгэл үзүүлэн дуулах гэж байна.
News.mn сайт ч хүүхдүүдийн хайртай хүндэт дууг эгшиглүүллээ. Уншигч та ч мөн дагаад дуулаарай.
“МААМУУ НААШ ИР” ДУУНЫ ТУХАЙ:
1956 онд мэндэлсэн дууны аяыг Д.Лувсаншарав, үгийг С.Лхамсүрэн бичжээ.
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа аялсан нэгэн аялгуунаас санаа авч бүтээжээ.
“Маамуу нааш ир” дууны анхны сонсогч нь мөн хөгжмийн зохиолчийн охин Л.Халиунсүрэн байсан бөгөөд аав нь мондалин хөгжмөөр тоглон, өөрөө дуулж үзүүлсэн гэдэг.
“Маамуу нааш ир” дууг анх олны хүртээл болгосон эзэн нь хүүхэд биш том хүн байсан юм. Гавьяат жүжигчин В.Долгор энэхүү дууг 29 настайдаа анх дуулжээ. Тэрбээр “Маамуу нааш ир”-ийг 60 жилийн хугацаанд 3000 гаруй удаа тайзнаа дуулж, сонирхуулжээ.
Дууны үг хэлд орсон хүүхдийн сэтгэхүйд буух, танин мэдэх анхны алхамд сонирхол татах хамгийн энгийн уран үгтэйгээс гадна аялгуу нь бага насны хүүхдийн тогтоох чадварын хэмжээнд тохирсон. Дахин давтан эхний хоёр мөрийг дуулж, цааш ижил төстэй хэмнэлээр үргэлжлүүлэн төгсгөсөн зохиомж нь тун оновчтой хэмээн үнэлэгддэг.
2011 онд “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөө бүтээжээ. Монголын хүүхдийн ордны дэргэд байрлуулсан эл хөшөөний загварыг уран барималч Б.Эрдэнэбат гаргасан юм.
“Маамуу нааш ир” дуу нь хүүхдүүдийн дунд хамгийн олон жил дуулагдаж байгаа бүтээл бөгөөд “Хүүхдийн дууны цагаан толгой”, “Хүүхдийн сүлд” дуу зэргээр нэрлэгдсээр иржээ.
“МААМУУ НААШ ИР” ДУУНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР ЮУ БОЛОХ ВЭ?
-Өнөөдөр буюу аравдугаар сарын 25-нд:
-11.00 цагаас бүх цэцэрлэгийн хүүхдүүд “Маамуу нааш ир” дууг дуулна.
-12.00 цагаас Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
-13.00 цагаас Монголын хүүхдийн ордонд хүндэтгэлийн тоглолтой. Тоглолтод Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд, Гавьяат жүжигчин В.Долгор, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын зээ охин С.Алимаа нар оролцоно.
Б.БАЯСАХ