Сирийн Алеппо хотноо агаарын цохилтод сүйдсэн барилгын нурангиар “Эрх чөлөөний хөшөөг” урласан гэх зураг цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Зургийг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжигчид “Сирийн уран бүтээлч өөрийн сүйдсэн гэрээр АНУ-д хандан Эрх чөлөөний хөшөөг босгожээ” гэсэн тайлбартайгаар цахим ертөнцөд байршуулсан аж.
Гэвч дижитал артист Таммам Аззам зургийг өөрөөр тайлбарлаж байна. Тэрбээр уг зургийг анх 2012 онд фото элүүлгээр бүтээсэн аж. Түүний хэлснээр “Нью-Йорк хотноо орших Эрх чөлөөний хөшөө АНУ-ын улс төрийг илэрхийлдэггүй. Би үүнийг зөвхөн эрх чөлөөний бэлэг тэмдэг байдлаар бүтээсэн. Би бол уран бүтээлч. Би хүмүүст тайлбар тавиад суух завтай хүн биш. Би хүмүүсийн зовнил, шаналлыг зурдаг болохоос улс төрийг биш” хэмээн ярьжээ.
Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөөх зөрчил 2011 оноос хойш үргэлжилж байна. Энэ хугацаанд Алеппо болон олон хотын байшин барилгууд агаарын цохилт, дэлбэрэлтийн улмаас балгас болон сүйдэж, олон сая хүн орон гэрээсээ дайжин дүрвээд байгаа юм.
Эх сурвалж: Alarabia
Б.АНХТУЯА