-Бөөрний дутагдалтай иргэд оочерлох шаардлагагүй болно-
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас иргэдээ баярлуулсан шийдвэр гаргаж, чихэнд чимэгтэй мэдээ дуулгав. Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгохоор болсноо зарласан юм. Энэ шийдвэрийг дуулсан уг өвчнөөр шаналж байгаа хүмүүс Засгийн газарт талархсанаа илэрхийлэн өдөрлөг хүртэл зохион байгуулсан билээ. Ийнхүү хөл газар хүрэхгүй баярлаж суугаа иргэдийн нэг бол Я.Дэрзэдмаа. Я.Дэрзэдмаа бөөрний архаг дутагдалд орж, найман жилийн турш гемодиализын аппаратнаас холдоогүй. Тэрбээр тэтгэвэртээ гарсан тул Улсын нэгдүгээр төв эмнэлгээ л бараадаж диализын аппаратандаа ордог байна. Тэтгэврийн мөнгө нь диализын аппараттай хавсарч хэрэглэх эмэндээ л арай чүү хүрдэг учраас Нэгдүгээр эмнэлгийн аппарат оочертой байсан ч, хувийн эмнэлэг гэж явах зардал, боломж байхгүй. Я.Дэрзэдмаа “Диализын аппаратны хажуугаар зайлшгүй уух шаардлагатай, цус төлжүүлэх, эрдсийн солилцоо нөхөх эмүүдэд тэтгэвэр маань арай чүү хүрдэг учраас хувийн эмнэлгийн өндөр төлбөртэй аппаратанд орж чаддаггүй. Нэгдүгээр эмнэлгийнхээ оочерыг л хэдэн сар хүлээж байж орсон” гэдгээ учирлав.
Харин ирэх оноос тэрбээр заавал Нэгдүгээр эмнэлэгт оочер дугаар үүсгэж, хүлээхгүйгээр хувийн эмнэлгүүдээр ч үйлчлүүлэх боломж бүрдсэнд төр засагтаа баярлаж суугаагаа дамжуулсан юм. Тэрбээр өнөөдөр диализын аппаратандаа орохоор хүлээж суух үеэр ийнхүү талархлаа уламжилж байлаа.
15.20 минут…
Нэгдүгээр эмнэлгийн Гемодиализын тасаг аппарат залгуулан хэвтэх өвчтөнөөр дүүрчээ. Тус тасагт нэг өдөрт л гэхэд 80 гаруй хүн диализын аппаратанд дөрвөн цагаар ордог хэмээн Бөөрний төвийн гемодиализ тасгийн их эмч Д.Хурцбаяр хэлэв. Гемодиализын тасгийнхан долоо хоногийн зургаан өдөр өглөө 07.30-22.30 хүртэл гурван ээлжээр ажилладаг. Хэдий ийм шахуу ажилладаг ч цаана нь аппаратанд орох зайлшгүй шаардлагатай, бөөрний архаг дутагдалд орсон 30 гаруй хүн хүлээж байгаа аж.
Д.Хурцбаяр эмчийн хэлснээр сүүлийн нэг жилд диализын аппаратын хүртээмжийг нэмснээр өмнөхөө бодвол арай дээрдсэн гэв. Тэрбээр “Улсын хэмжээнд 130 аппаратанд 500 гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа. Гэхдээ нөхцөл байдал сүүлийн нэг жил арай дээрдэж байна. Энэ жил л гэхэд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт диализын аппараттай болсон учраас өвчтөнүүдээ тийш нь хуваарилж байна” гэсэн юм.
Харин төрөөс диализын аппаратанд ордог иргэдийн зардлыг даах болсон нь цаг үеэ олсон чухал шийдвэр гэдгийг онцоллоо. Учир нь, бөөрний архаг дутагдалд орсон 500 гаруй хүн байхад тэдний 10 хүрэхгүй хувь нь хувийн эмнэлэгт ханддаг. Хувийн эмнэлгийн аппаратанд нэг удаа ороход 130-180 мянган төгрөгийн үнэтэй тул долоо хоногт гурав ордог иргэд эдийн засгийн хямралд ороод дуусдаг гэв. Үүнээс болоод улсын эмнэлэгт хэдэн сараар оочер дугаар үүсгэж, харин хувийн эмнэлэгт диализын аппарат сул зогссоор иржээ.
Ц.Нарантуяа гуайн хувьд л гэхэд Нэгдүгээр эмнэлгийн аппаратанд орохоор жил хүлээсэн. Ес дэх жилдээ диализын аппарат залгуулж байгаа гэв. Тэрбээр “Уг нь есөн жилийн өмнө аппарат оочергүй, өвчтөн ч бага байсан. Гэтэл сүүлийн хоёр жилд бөөрний архаг дутагдалтай хүн эрс нэмэгдсэн. Тэдний ихэнх нь хувийн эмнэлэгт өндөр төлбөр төлөх чадамжгүй учраас оочерлохоос аргагүй байдал үүссэн” гэдгээ хэлсэн юм. Ц.Нарантуяагийн хувьд ч бөөрний дутагдалтай иргэдээ харж үзсэн, тэднийг илүү олон жил гэр бүлтэйгээ хамт байх боломж олгосон, эдийн засгийн мухардлаас гаргахад тусалсан Засгийн газартаа баярлаж буйгаа илэрхийлж байлаа.
Түүнтэй адилхан хэдэн зуун бөөрний дутагдалтай иргэд төр засагтаа баярлан, илүү олон жил наслах гэгээн бодол тээн, ирэх оныг хүлээж суугааг ч дамжуулсан юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ