УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2016.10.25/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авсантай холбоотой асуудлаар Засгийн газраас байгуулагдан ажилласан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Байнгын хороо мөн Ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй хэмээн үзлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ”Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монгол зэс” компанид шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой атал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрээ гаргасан нь Үндсэн хууль болоод олон улсын гэрээ конвенциудыг зөрчсөн үйлдэл болсон, иймээс хууль бус зүйлийг буцаах ёстой, буцаасны дараа 49 хувийг хэнд ямар байдлаар эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой, 49 хувийг худалдан авсан хувийн хэвшлээ буруутгаж болохгүй” гэх байр суурийг өчигдөр илэрхийллээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “Хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын мэдэлд авчирахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан байтал асуудлыг улстөржүүлэн яллах нь буруу, эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон тэрбум төгрөгөөр шахаа хийж байсан асуудлаа цэгцэл, дээр нь “Жаст” компанийн Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан асуудлыг ч шалгуулах ёстой” гэх асуудлыг хөндөж тавьсан юм.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Засгийн газрын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.