Яг хэрэгтэй цагтаа хэрэг болооч, нийтийн тээвэр минь

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Яг хэрэгтэй цагтаа хэрэг болооч, нийтийн тээвэр минь

“Ёо, аятайхан орооч ээ, хойноос битгий түлхээд байл даа” хэмээн хүмүүс орилолдон автобусны хаалгаар дайрцгаана. Зарим нь “Та нар ажил тарах цагаар нэмэлт автобус явуулж болдоггүй юм уу. Гэртээ харих гэж автобусны буудал дээр 30, 40 минут зогсож байна” хэмээн автобусны жолоочид бухимдлаа гаргана.

Бүгд л гэр рүүгээ харихаар яарч байгаа учраас автобусанд амжиж суухаар дайрах нь аргагүй биз. Ийн удаан хүлээлгэсэн автобус сая нэг юм ирэхэд зорчигчдоор дүүрсэн харагдав. Дараагийн хоёр, гурав дахь автобус буудалд зогсоход нэг хүн ч хаалгаар багтах зайгүй битүү дүүрсэн байлаа. Автобусанд суусан иргэд “Хүн багтах зайгүй байж, зогсож, яах нь вэ” хэмээн автобусны жолоочийг шууд явахыг үүрэгдэх нь тэр.

Гэтэл дараагийн автобусны буудалд хүлээж буй зорчигчид суух чиглэлээ андан хүлээж, хаалгын чиглэн гүйцгээж байв. Арайхийн автобусандаа суусан таягтай буурай таягаа дээр өргөн урагшаа зүтгэнэ. Учир нь, түүний өмнө таяг тулах зай ч байхгүй байлаа. Энэ бол ажил цуглах, тарах үеэр нийслэлийн захын дүүргүүдэд түгээмэл тохиолддог дүр зураг. Уг нь яг л энэ үеэр нийтийн тээврийн хэрэг гармаар. Оройн ид ачааллын үе буурав уу үгүй үзэгдэхээ больдог гэмтэй.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ц.Сүрэнхүү “Манай гэр Баянхошуунд байдаг. Орой 21.00 цагаас хойш есөн номерын Зүүн салааны автобус ер явдаггүй. Өдөр ажлын цагаар хүлээлгэх нь бага ч орой ажил тарах болохоор л иргэдийг их хүлээлгээд байдаг” хэмээн бухимдангуй ярилаа.

Энэ сарын эхээр нийслэлийн хэмжээнд өдөр тутам том оврын 920 автобус зорчдог гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байсан. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны компаниудын иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг баталдаг бөгөөд хуваарийн дагуу том оврын автобус өглөө 06.45 цагаас оройны 22.00 цаг хүртэл зорчигчдоо тээвэрлэх журамтай ажээ.

Харин энэ сарын 17-ноос нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэл хийж, Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээсэн.

Мөн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг, Ч:24/б/ “Чингэлтэй-Зүрх-Уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлийг өөрчилж, шинээр нээгдсэн боловч гэр хорооллын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрт зогсож, хүрэлцээ муу хэвээр байна.

Хэрвээ таны зорчих чиглэлийн автобусууд хуваарийн дагуу явахгүй байвал Нийслэлийн Тээврийн газарт гомдол гаргах эрхтэй. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгслийнхээ дугаар, чиглэлийг тодорхой хэлэх шаардлагатай аж. Иргэн таны гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Тээврийн газрын байцаагчид шалгалт хийж, зорчигчдод үйлчлэх хуваариа зөрчсөн автобус компаниудын зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, хэрэгжүүлдэг байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж