Эдийн засаг хүндрэлтэй байна хэмээн бараг хүн болгон ярьж байна. Харин энэ хүндрэлээс гарах боломж бий эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар бодлого явуулах ёстой вэ?
-Мэдээж хэрэг төсвийн сахилга бат, шилэн дансны хууль үргэлжлээд явах нь зөв. Мөн хамгийн гол нь “Шинэ 90-ээд оны бодлого” явуулах ёстой юм. “Шинэ 90-ээд оны бодлого” гэдэг нь 1990-ээд онд үүнээс хүнд хямралыг хамаагүй цомхон бүтэцтэй төрөөр даваад гарч байсан. Тэгэхгүй бол ийм данхайсан төрийн тогтолцоотойгоо хямралаас гарвал буцаад хямралд орохын цондон. Учир нь, хямрал руу хөтөлж орсон зүйл нь төрийн улстөржилт, хийрхэл, талцал, хуваагдал, өмчөө булаацалдсан явдал. Тэгэхээр төрийг бизнесээс, аж ахуйн нэгжүүдээс холдуулах хэрэгтэй байна. Төрийг зохицуулах үйл ажиллагаатай, цомхон болгож чадвал авлига байхгүй, төрийнхөн даруухан болно. Ийм бодлого руугаа л орох цаг болоод байна. Нэгэнт бид хямралын нөхцөл байдалд байна. Тэгэхээр зөв төрийн тогтолцоотой хямралын ард гарч чадвал хямралыг хожил болгож чадна. Харин яг ийм төртэй, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хямралын ард гарна гэж бараг байхгүй.
-Төрийг цомхон болгоно гэхээр ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
-Төрийн байгууллагууд орон тоогоо цомхотгохгүй, төрийн өндөр албан тушаалтны цалингаа ч бууруулахгүй хямралын ард гарна гэж байна. Гэтэл УИХ өөрөөсөө үлгэрлэл үзүүлж, төсөв, зардлаа танаж эхлэх хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголын эдийн засгийн хямралд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн нь УИХ дахь том хагарал, хэрүүл, эрх ашгийн төлөөх талцал юм. Засгийн газраас төрийн өндөр дээд албан тушаалтны цалинг 30 хувь бууруулах санал төсвийн тодотголоор орж ирсэн. Гэтэл уг саналыг УИХ дэмжээгүй. Учир нь, энэ хэмнэлт нь шалихгүй гэж үзсэн. Гэхдээ хэмнэлт их багадаа биш хэн нэгэн хүн хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэгэхээр энэ УИХ өөрөө үлгэрлээд, хариуцлагаа хүлээгээд, санаачилгаа өөрөө гаргавал нэгдүгээрт, манлайллын асуудал юм. Хоёрдугаарт, энэ нийгэмд хэн нэгэн хариуцлага хүлээж байна гэдгийг ойлгуулж өгч байгаа юм. Үүнийгээ тодорхой хугацаатай хийж болно. УИХ өөрөө хэмнэлтээ эхэлбэл маш олон газар автоматаар хэмнэлтийн бодлогоор явж эхэлнэ. Өөрсдөө эхлээгүй байж бусдыг хэмнэ гээд байж болохгүй. Монгол төр цомхон байхдаа цэвэрхэн, оновчтой, хямралаас авч гарч чадаж байсан.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар ярьж байна. Энэ зөв гарц мөн үү?
–Тооцоо судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Ер нь “Стэнд бай”-аас айгаад байх шаардлага байхгүй. 1990-ээд оны үед бид Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтарч ажиллаж байхад төсөв сахилга баттай байсан. Төрийн байгууллагууд даруухан байсан. Гэтэл мөнгөний хуримтлал яваад ирэнгүүт өөрсдөө дурын зүйлдээ, хэрэгтэй, хэрэггүй зүйлд зарцуулж эхэлсэн. Тэгэхээр гаднынхан гээд хараагаад хөөх биш. Тэднийг хямралыг даван гарахад туслах хүчин зүйл гэж харах хэрэгтэй.