Засгийн газрын 100 хоногт төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах, Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлуудыг хийжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр /2016.10.24/ БНСУ-ын “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн-ийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд, хүмүүнлэгийн салбарын хамгийн өргөн харилцаатай орон болох БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанд бүрэн эрх нь дууссан хэд, хэдэн гишүүн оролцож, Монгол Улсын 2017 оны төсөв, Мөнгөний бодлоготой холбогдуулан, зөвлөгөө өгчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар оролцсон байна.
Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.
Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүхийн байранд явуулах талаар заасан байдаг. Гэвч улсын төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалаад шүүх прокурортой нэг байранд шүүн таслах ажиллагааг явуулж байна. Насжилтын хувьд 26-40 жил болсон 15 байранд шүүх байрлаж байна. Ашиглалтын хувьд хүнд нөхцөлтэй, их засвар хийхгүй бол шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээлтэй болсон.
10 дугаар сарын 19, 23-нд болсон орон нутгийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирц аймгуудын түвшинд 62.3 хувьтай гарсан бол дүүргүүдийн түвшинд 56.3 хувь, улсын хэмжээнд 60.1 хувьтай гарчээ. Харин авсан мандатын тоогоороо МАН илүүрхсэн байна.
“Тэнүүн Огоо” компанийн автобус шатаж байна гэх дуудлага өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Онцгой байдлын албаныхан шуурхай ажилласны дүнд хүн бэртэж гэмтээлгүйгээр галыг унтраасан байна.
Эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифт төрөөс хөнглөлт үзүүлдэг байсныг сэргээх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас таван тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгах санал гаргасан нь дэмжлэг хүлээгээд байна.
Оюутолгойн гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1600 орчим байгаа юм. Энэ тоог 2016 оны төгсгөлд 2400 хүрнэ гэсэн тооцоотой байна.