“Жанрайсиг бурхан дотор монгол гэр хүртэл бий”

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

“Жанрайсиг бурхан дотор монгол гэр хүртэл бий”

-26.5 метр өндөртэй Мэгжид Жанрайсиг бурхан дотор Монгол орны эрдэнийн чулуу, рашаан ус, нэн ховор ургамлын дээж, шашны их хөлгөн судрууд, “Ганжуур”, “Данжуур”, монгол гэр гэхчилэн Монголын хамаг нандин зүйлийг багтаажээ-

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд байрлах 26 метр өндөртэй Мэгжид Жанрайсаг бурхныг хоёр дахиа бүтээн залсан түүхтэй. Энэхүү Мэгжид Жанрайсаг бурхныг дахин шинэчлэн бүтээсний 20 жилийн ой энэ сарын 26-нд тохиож байна. Энэ талаар тус хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

-Энэ жил Мэгжид Жанрайсиг бурхныг дахин бүтээн залсны 20 жилийн ой тохиож байна. Уг бурхныг анх хэрхэн бүтээсэн тухай ярихгүй юу?

-Энэ жил төр түмний их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхныг анх бүтээн залсны 105 жилийн ой, дахин бүтээн залсны 20 жилийн ой тохиож байна. Анх энэхүү төр түмний их шүтээнийг  1911 онд монголын сүүлчийн эзэн хаан Төр шашныг хослон баригч, Түмэн наст, Наран гэрэлт, Оройн дээд Очирдарийн хувилгаан халхын 8-р Богд Жавзандамба хутагтын зарлигаар ард түмний заяа буяныг тэгшитгэн, буян үйлсийг нь даатгаж, төр түмний их шүтээн хэмээн бүтээн байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш 1937 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр их шүтээн Мэгжид Жанрайсиг бурханыг буулган авч явсан байдаг. Түүнээс хойш Жанрайсиг бурханы дуганыг Улсын архивын газар гэх мэт хэд хэдэн зориулалтаар ашигласан гэдэг.

Харин сүмийн одоогийн шүтээн Мэгжид Жанрайсиг бурхныг 1990-1991 онд МБШТөв Гандантэгчэнлин хийд, Монголын соёлын сан тэргүүтэй байгууллага, сүсэгтэн олны санаачилгаар  дахин бүтээж 1996 оны аравдугаар сарын 26-нд мэлмийг нь нээж равнай өргөх ёслол болсон. Энэ үйл явдал нь ардчилал гарсанаас хойш Монголын бурхан шашны түүхэн дэх томоохон үйл явдал юм. Үүнээс хойш 20 жил болсон байна. Их шүтээнийг дахин залснаар төрийн түшээд, ихэс дээдэс нар хүндэтгэл үзүүлэн ард түмний заяа буяныг даатган залбирч буян хураадаг, түмний үйл хэргийг  даатган залбирдаг  уламжлал эргэн сэргэсэн. Мөн төрийн дээд албан айлчлалууд, Гадаад зочид төлөөлөгчид Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дацангаар зочилж залбирал даатгал үйлддэг. Мэгжид Жанрайсиг их шүтээн нь Монголын ард түмний оюуны их өв соёл гэдгээр дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг болсон.

-Харин Мэгжид Жанрайсиг бурхны хоёр талд байрлах бурхадыг хэзээнээс залсан бэ?

-Анх 2009 онд Есдүгээр Богд Жавзандамба хутагт Монголд заларсанаар уг үйл ажиллагаа эхэлсэн юм. Мэгжид Жанрайсиг бурхныг “Язгуурын гурван бурхан” болгон залах шийдвэрийг гаргасан байдаг. Үүнд ялгуусан бурхан бүгдийн гагц эцэг бурхан буюу билэг билгүүний мөн чанар болсон Манчир бурхан, Их хүчит буюу нууцын эзэн Очирваань бурхан,  Мэгжид Жанрайсиг бурхдыг язгуурын гурван бурхан хэмээн үздэг . Тэр дундаа монгол орныг Очирваань бурхны орон  ч гэж үздэг. Ийн 2010 онд Манчир бурхныг, 2011 онд Очирваань бурхныг Мэгжид Жанрайсиг бурхны хоёр талд бүтээн залсан юм. Тэр цагаас монголын төр түмний шүтээн язгуурын гурван бурхан болсон түүхтэй.  

-Мэгжид Жанрайсиг бурхны цогчэн дуганы бүтээн байгуулалт өрнөж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Гандантэгчинлэн хийдээс санаачлан Мэгжид Жанрайсиг бурхныг дахин бүтээсний 20 жилийн ойд зориулан Жанрайсиг бурхны өдөр тутмын үйл ажиллагаа явуулах хурлын дуганыг барьж байна. Уг дуган барих шийдвэрийг 2012 онд гаргасан бөгөөд олон түмний хандив тусламжаар хоёр давхар, уламжлалт барилга архетиктурын хэв шинжийг агуулсан дуган шүтээнийг барьж байна. Одоогоор дацангийн хурлын  дуганы барилгын явц 90 хувьтай үргэлжилж байна. Энэ ондоо багтан ашиглалтад оруулна гэж Гандантэгчэнлин хийдээс зорилт тавин ажиллаж байгаа.

-Тус ойн хүрээнд хурал ном хурах уу?

-Мэгжид Жанрайсиг бурхныг дахин бүтээсний 20 жилийн ойд зориулан энэ сарын 15, 16-ны өдрүүдэд хурал зохион байгуулсан. Олон түмэнд зориулсан уг хурлыг хоёр өдрийн турш хурж, өндөрлөсөн байгаа.

-Их шүтээний бие лагшинг бүтээхэд 19 тонн зэсээр урласан гэдэг. Мэгжид Жанрайсигийн хэрхэн аравнайлсан байдаг вэ?

-Ерөнхийдөө Мэгжид Жанрайсиг бурхан маань 26.5 метр өндөртэй. Шүтээний өлмийнөөс тэргүүн хүртэл нь машид олон зүйлс зай орсон байдаг. Дотор нь монгол орны түүхэн дурсгалт газар бүрээс авч ирсэн нандин зүйлс, эрднийн чулуу, рашаан усны дээжис, нэн ховор ургамлын дээж, их хөлгөн судрууд, “Ганжуур”,  “Данжуур” судар, бүрэн хэрэглэлтэй монгол гэр гэх мэт монголын хамаг нандин зүйлийг багтаасан байна. Мөн аливаа бурхан шүтээний тогтоол оршоолгод / сүншиг/ орох ёстой, дээр нь хуучин Мэгжид Жанрайсиг бурханы дотоод тогтоол оршоолгод оруулж байсан бүх нандин эд зүйлс, лагшин, зарлиг, тааллын шүтээнүүдийг залсан байдаг гэдэг. Мэгжид Жанрайсиг бурханы дуганд 1000 Аюуш бурхан буюу Монголчуудын урт нас, өвчингүй эрүүл байхыг даатган залах үйл явдал өрнөсөн боловч олон түмний буяны үйлсээр 3000 орчим Аюуш бурханыг тэр цагт бүтээн залсан юм.

-Жанрайсиг гэдэг үгний утга учрыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Бурхан бүгд нигүүлсэхүйн мөн чанартай. Тэр дундаа Жанрайсиг бурхны энэрэх нигүүлсэх сэтгэл үлэмж юм. Бурхан бүгдийг энэрэн нигүүлсэхүйн мөн чанар “Гуу сан” болсон бурхан. Төвдөөр Жанрайсиг хэмээж байгаа юм. Олон улсын судлаачдын дунд Аволагэдэ Шавара буюу Аръяабал, Монголоор Нигуураар болгоогч гэж орчуулж байх шиг байгаа юм.  Жанрайсиг бурхны зүрхэн тарни нь хүн бүрийн сайн мэддэг “Ум мани бадми хум” юм.  Жанрайсиг бурхан олон бий. Бидний мэдэх Мэгжид Жанрайсиг бурхнаас гадна дөрвөн мутартай, найман мутартай, 11 нигуртай, мянган нигуур, мянган мутартай Жанрайсиг бурхан гэх мэт олон дүр байж болно. Эдгээр бурхад бүгд нэг л мөн чанартай.

А.ЦЭЭСҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж